Мэдээллийг ачааллаж байна ..
Үйл ажиллагааны чиглэл:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.” гэж заасан.

Улсын Их Хурлын Тамгын газар нь дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
2.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төслийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;
3.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;
4.Улсын Их Хурал, түүний Тамгын газар Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
5.Нэгдсэн, Байнгын, дэд, түр хороод, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэлийг хангах;
6.Батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, хэлбэржүүлэн гаргах, нийтлэх, мэдээлэх;
7.Чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;
8.Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;
9.Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулах;
10.Гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, Өргөдлийн байнгын хороо, гишүүдэд мэдээлэх;
11.Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;
12.Хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэгт арга зүйн туслалцаа үзүүлэх;
13.Чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон гишүүдийн хүссэнээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
14.Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж гишүүдэд үйлчлэх;
15.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх.

Мөн Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ хийх бие даасан нэгж Тамгын газарт байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын алба Тамгын газарт багтах бөгөөд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шууд харьяанд байж Улсын Их Хурлын даргад үйлчилнэ.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх, нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх, Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах, Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий Ерөнхий нарийн бичгийн даргыг Улсын Их Хурлаас томилно.

Хуралдааны тов