“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо

  2021-06-24 08:12  176

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ.

Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа цуврал цахим арга хэмжээг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.


Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр (2021.06.24) Улаанбаатар-Улаан-Үд зургаа дахь шатны арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.




Цахим уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Д.Өнөрболор, мөн БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга В.В.Кильпякова, Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн А.Г.Варфоломеев, В.В.Наговицын, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн В.А.Дамдинов, Улаан-Үд хотын дарга Ю.И.Шутенкова болон албаны бусад хүмүүс оролцож, улс төр, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол болон бусад салбарын хүрээнд дэх хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-06-24 18:28  176