Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Я.Санжмятав өнөөдөр (2017.09.07) “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.


Тэрбээр бага хурлыг нээж, хэлсэн үгэндээ “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаархи үнэн бодит шалтгаан нөхцлийг түүхэн үйл явц төдийгүй тухай үеийн нийгэм, улс төрийн болоод шашин, үзэл суртал, хувь хүн талаас нь судлан, бодит байдлыг тодорхойлж, улмаар өнөө болон хойч үеийнхэндээ сургамж болгон үлдээхэд энэ эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол орших болно.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн түүхийн оноо нь ч, алдаа нь ч бидэнд өв болон үлдэх учиртай. 20 дугаар зууны Монголын түүх бол бидний дээд өвөг Чингис хаан, Хөх монголчуудын түүхийн үргэлжлэл учраас Хэлмэгдүүлэлт хэмээх гунигт боловч үнэнд гүйцэгдсэн түүхийг Монголын түүхээс баллуурдах юм уу, бүхнийг өнгөрсөн цаг хугацаанд тохож болохгүй. Түүхээ бодитоор нь шастирлан үлдээж, түүхэн үйл хэрэг, түүхэн хүн, түүхэн цаг үеийг бодитой зөв үнэлэн дүгнэж өнөөгийн болон хойшдын ажил амьдралын зам мөртөө зөвөөр тусгаж чадаж гэмээнэ бид ирээдүй рүүгээ итгэлтэй замнаж чадна.  Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХБНГУ, ОХУ, Япон болон Шинжлэх ухааны академи, МУИС, МУБИС, БХИС-ийн эрдэмтэн судлаачид, “Конрад-Аденауэр” сан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.


Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн олон салбар, давхаргыг хамран өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн есдүгээр сарын 10 –ныг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж буй юм.

“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг угтан Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Улс төрийн хэлмэгдүүлэлт шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл