Багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

  2019-10-29 08:38  239

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр  (2019.10.29) Төрийн ордонд зохион байгууллаа. 


    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ нийгэмд шударга ёсны хүсэмж өндөр байгаа энэ цаг үед дээрх төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийж байгааг онцлоод "Эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэл 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжих явцад тулгамдаж буй асуудлыг шүүх, прокурор, цагдаа болон зөрчил шалган шийдвэрлэж буй эрх бүхий байгууллагуудаас гарсан санал шүүмжлэл болон хийдэл давхардлыг арилгах, судлаачдын саналыг тусган, багц хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлгийг хийж байгаа" гэлээ.

    Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Хуулийн төслийн талаарх танилцуулга” хийж, 2019 оны есдүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 449 мянга орчим гомдол дуудлага ирүүлнээс 173 мянга орчим нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага байсан гэв. Эдгээрийн 52 мянга нь гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй 117 мянга орчим гомдол мэдээллийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдээс 7.8 хувиар буурсан талаар тоон мэдээллийг танилцуулсан юм. 


    Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй нийтлэг зөрчил, хөрөнгө хураах арга хэмжээ, шүүгчийг татгалзан гаргах үндэслэл зэрэг тулгамдаж буй олон асуудлын талаар илтгэл танилцууллаа.

    Дараа нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт” илтгэлдээ, эрх бүхий байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх харъяалал давхардсан, дуудан ирүүлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс зөрчлийн холбогдогч хүрэлцэн ирэхгүй, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хуульд заасан хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгодог, шинжээчийн эрх үүргийг хуульд тусгаж өгөөгүйгээс дүгнэлт гаргуулахад хүндрэл учирдаг, шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлуулахаар хуульд заасан боловч шийтгэлийн хуудсыг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байгаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг иш татсан зохицуулалт олон байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагын талаар танилцуулсан. 


    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Монголбанк, Сангийн яам болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Жендэрийн үндэсний хороо зэрэг 30 орчим байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцож, хуулийн төслийн талаар хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



  2019-10-29 19:26  239