Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 46 дугаарын тойм


    Эмхэтгэлийн энэ удаагийн  дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хамт нийтэлсэн. Монгол Улсад КОВИД19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 20.0 сая ам.долларын санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх болон хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй санхүүжилтийн зээлийн хүү  нь жилийн 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. 

    Мөн энэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Данийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилсныг нийтэллээ.

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшууллын журам батлах тухай тогтоолыг нийтэлсэн. Тогтоолын зорилго нь өвлийн улирлын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар хуурай сүүний импортыг бууруулах, хүн амын ундны сүүний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангахад чиглэж, энэ журмаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгохтой холбогдох харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгоход: 

-Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дүнгийн талаарх саналыг холбогдох тооцоо, судалгаа, шаардлагатай бусад материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулна.

-Үйлдвэр, цех нь журмын 2.2.1-2.2.6-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн албан хүсэлтийн хамт тухайн жилийн 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 

-Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн байгууллагыг оролцуулан ажлын хэсэг байгуулж, энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг хянан үзэх замаар шаардлага хангасан үйлдвэр, цехийг сонгон шалгаруулж, жагсаалтыг батлан, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор байршуулна.

-Сумын гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олгосон мал эмнэлгийн гэрчилгээний мэдээллийг сумын мал эмнэлгийн тасгаар баталгаажуулан сар бүрийн 25-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд илгээнэ.

-Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сумын мал эмнэлгийн тасгаас малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд илгээсэн мэдээллийг нэгтгэн, хянан баталгаажуулна.

-Үйлдвэр, цех нь мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн малын түүхий сүүг худалдан авна. 

-Үйлдвэр, цех нь малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүүг худалдан авах тухай бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэн баталгаажуулж, сар бүрийн сүүлийн өдөрт багтаан хоёр тал тооцоо нийлнэ. 

-Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сангийн мэдээлэл, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг үндэслэн энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзсэний үндсэн дээр урамшуулал олгох жагсаалтыг гарган, хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ. Урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид сүү нийлүүлэх, худалдах гэрээнд заасан нэрийн дансанд дараа сарын 20-ны дотор шилжүүлнэ. 

-Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн дансанд шилжүүлсэн урамшуулал нь нэр, данс зөрсөн, данс хаагдсаны улмаас буцаагдсан тохиолдолд уг дансны жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн хүнс, хөдөө ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж залруулах арга хэмжээ авна. 

-Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, урамшууллын санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж, аудит хийлгүүлнэ гэсэн заалтыг тусгасан  зэрэг журмын талаар дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл