Цэс

Холбоо барих

Ноён Жиофф Рэган “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр /2016.09.09/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр ноён Жиофф Рэган 2016-2017 онд хэрэгжих “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн төслийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон юм.

“Нарны хүүхдүүд” цэцэрлэг нь Канад Улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон юм. Уг төслийг Канадын иргэн, хатагтай Жули Вэлүү санаачилсан бөгөөд Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор уг цэцэрлэгийг байгуулсан аж. “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт хэрэгжих энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн дэргэд оёдлын жижиг цех байгуулж, Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг иргэдэд тогтвортой ажлын байр бий болгох явдал юм.

Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл