УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг БНСУ-ын “Корейн Эйр” компанийн төлөөлөгчтэй уулзлаа

  2017-02-09 11:47  448

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг өнөөдөр (2017.02.09) БНСУ-ын “Кореан Эйр” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ли Жон Со тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ дахь парламентын бүлгийн талаар товч танилцуулаад хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг тэмдэглэв. Монгол, БНСУ-ын Засгийн газрууд 1991 онд Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьснаас хойш иргэний агаарын тээврийн салбар хөгжсөөр ирснийг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн Монгол-Солонгосын бизнес форумын үйл ажиллагааг сэргээх, тогтмолжуулахад тус компанийн зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.

БНСУ-ын “Кореан Эйр” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ли Жон Со цаг гарган хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзоригт талархал илэрхийлээд БНСУ-ын "Ханжин" группийн ерөнхийлөгч хоёр улсын бизнес форумын Солонгос талын төлөөлөгч бөгөөд 2017 оны нэгдүгээр сараас шинэ ерөнхийлөгч томилогдсон. Мөн тус улсын улс төрийн тогтворгүй байдал цэгцэрсний дараа бизнес форумын үйл ажиллагааг идэвхжүүлэх байх гэсэн хүлээлттэй байгаагаа дурдсан юм.  


Тэрбээр “МИАТ болон “Кореан Эйр” компанийн аль аль нь долоо хоногт 6 удаагийн нислэг үйлдэж байгаа бөгөөд VI-VIII саруудад жуулчдын тоо нэмэгддэгтэй холбоотойгоор жил бүр 110 орчим нэмэлт нислэг хийхээр манай хоёр компани төлөвлөдөг. Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн МИАТ компани Улаанбаатар-Бусан чиглэлд шинэ нислэг үйлдэж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Бидний зүгээс МИАТ компанитай техникийн болон аюулгүй ажиллагааны сургалтуудыг хамтран зохион байгуулдаг. Мөн Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орвол нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн” хэмээн танилцуулав. Түүнчлэн тусламжийн ажлаар ирэхийг хүссэн БНСУ-ын иргэд визийн асуудлаас болж өөр улс оронд үйл ажиллагаагаа явуулах нь нэмэгдэж байгааг дуулгаад энэ асуудалд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзоригийг анхаарал хандуулахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг шинээр байгуулагдсан УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн зүгээс хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтын ажиллагааны шинэ санал, санаачилгуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-02-09 11:47  448