ТББХ: Хууль, тогтоолын төслийг хэлэлцэв

  2019-10-09 19:10  133

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2019.10.09) хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай  тогтоол батална. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдаг байна. Хэлэлцэж буй асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс дээрх хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах саналыг тэрбээр танилцуулсан.  


    Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг хүсэлтийнх нь дагуу дэд хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг оруулах саналаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж, 31.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” хэмээн тус тус заасан байдаг. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх төслийг боловсруулжээ. 

    Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томъёолол, санал дүгнэлтэд оруулахгүй байхаар нэмэлт оруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн нэр томъёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлсэн болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. 

    Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол “нэмэлт, өөрчлөлтийн эхийг зөвшөөрнө, татгалзана” гэснээс өөр асуудлаар ард нийтийн санал асуулгыг хамтатган явуулахыг хязгаарласан өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор баталгаажуулах хэмээн тусгасан байна. Төслийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлтийг тус тус оруулжээ. 

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар мэдээлэл авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баталгаажуулахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар санал хэлэв. 

    Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 72.7 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2019-10-09 19:06  133