Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.12) хуралдаан 11 цаг 11 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Ч.Улаан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Зөвлөл нь төсвөөс гадна төсөв санхүүтэй холбоотой бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судлагаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана гэж тогтоолын төсөлд тусгажээ. Ингэснээр уг Зөвлөлийн ажлын ачаалал нь барагдахгүй юм болох вий гэсэн дүр зураг харагдаад байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр биш хагас жил тутамд тайлагнамаар байна” гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төсвийн талаар гаргасан зөвлөмж Үндэсний аудитын газрын тайлантай зөрчилдвөл хэрхэн зохицуулах талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариултдаа, гишүүдийн зүгээс Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулж, зарчмын зөрүүтэй санал гаргаж болохыг анхааруулж байв. Мөн ОУВС-тай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Байнгын хорооноос хоёр, Засгийн газраас  хоёр, Монголбанкнаас хоёр хүнийг нэр дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг Төвсийн байнгын хорооноос томилно. Өөрөөр хэлбэл, орон тооны бус найм, орон тооны 3 гишүүнтэй ажиллаж төсвийн талаар зөвлөмж гаргаж ажиллах юм. Төвсийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, Үндэсний аудитын байгууллагын санал, дүгнэлттэй зөрчилдөж болно. Үүнийг УИХ тухайн үед зохицуулаад шийдэх асуудал. Зөвлөмжийг заавал дагаж мөрдөх шаардлагатай гэсэн асуудал байхгүй хэмээн нэмж тайлбарлав.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр  санал хураалаа. Тухайлбал, тогтоолын төслийн 3.1.1-д “төсөв санхүүтэй холбоотой бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судлагаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана”  гэдгийг хасах, төслийн 9.2-т “Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх” гэж өөрчлөх, төслийн 6.2-т “Зөвлөл нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа талаар хагас жил тутамд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулна” гэж өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо хууль тогтоомжоор аудит хийхээр Үндэсний аудитын газарт үүрэг хүлээлгэсэн аудитын сэдвийг эхний ээлжинд сонголоо. Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиар тодорхой сэдвээр аудит хийж, Улсын Их Хуралд тайлагнаж байхаар зохицуулагдсан байна. 2018 онд шинээр гүйцэтгэх 31 аудитын 16 нь хуулийн дагуу гүйцэтгэх аудит байгаа гэдгийг онцлов.

Мөн 2018 оны  аудитын сэвдийг сонгохдоо Төрийн аудитын байгууллагын бодлогын түвшинд хийх аудитын сэдвийг сонгосон. Төрийн аудитын байгууллагаас эрүүл мэнд, боловсролын салбарын тогтолцоонд ойрын дөрвөн жилд багтаан иж бүрэн аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Төрөөс бага боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр нөлөө, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа” сэдвээр аудит хийхээр төлөвлөснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдлаа.


 Үндэсний аудитын газраас жил бүр улс орны эдийн засагт зонхилох нөлөөг үзүүлдэг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аудит хийж байх бодлогын хүрээнд 2018 онд Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийхээр, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар төлөвлөжээ. Төрийн аудитын байгууллага өөрийн бодлогын хүрээнд 10 аудит хийх юм байна.

Түүнчлэн 2018 оны аудитын сэдвийг сонгохдоо иргэд олон нийтийн анхаарлын төвд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийг нийгмийн захиалгаар сонгодог аж. Энэ чиглэлээр зургаан аудитыг Үндэсний аудитын газар хийсэн судлагаан дээрээ үндэслэн нийгмийн захиалгаар гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороны захиалгаар Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын захиалгаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хүсэлтээр Иргэний нисэхийн Ерөнхий газар, Засгийн газрын авто баазын үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийхээр төлөвлөсөн байна. Төрөлжсөн аудитын газрууд өөр, өөрийн чиглэлээр аудит хийхийн зэрэгцээ 2018 онд долоон аудитыг хамтарч иж бүрэн аудит хийхээр болсон байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар мэдээлэлдээ, 2018 онд Үндэсний аудитын газар 2018 онд шинээр 11 гүйцэтгэлийн, нийцлийн 4, санхүүгийн 16, нийт 31 аудит хийхээр сэдэв сонгож Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн болно. Дээрх аудит дээр нэмж 2017 оноос он дамжин шилжиж байгаа гүйцэтгэлийн 3, нийцлийн 3,  нийт 6 аудит нэмэгдэж 2018 онд нийтдээ 37 аудит хийхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ч.Улаан, Б.Баттөмөр, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс аудит хийх сэдвийг сонгохдоо Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд чиглэхэд илүүтэй анхаарах, нийгмийн анхаарал татсан асуудалд аудит хийж, үр дүн гаргахад  анхаарахыг онцгойлон захиж байлаа. Мөн Оюутолгой ХК-ийн асуудлыг авч үзэхдээ Дубайн гэрээнд аудит хийх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлсэн нөхцөлд гарсан шийдвэрийнх нь талаар эргэн хянадаг эсэхийг тодруулж байв.

Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хариултдаа, Оюутолгой ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, Олон улсын адитын байгууллагуудтай хамтарч тусгайлсан гормиоор аудит хийхээр төлөвлөж байна гэж байв. Мөн Үндэсний аудитын газраас төсвийн хөрөнгөд үрэлгэн зардал гаргасан, төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлдэг. Хуулийн байгууллага тухайн асуудалд арга хэмжээ авсан талаарх шийдвэрийг бидэнд мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ одоогоор арга хэмжээ авсан талаарх мэдээлэл ирүүлээгүй байна. Үндэсний аудитын газар  аудитын үр ашгийн хувьд нэг төгрөгийн зардал гаргасан бол 68 төгрөгийн орлого олж байсан. 2017 оны хувьд энэхүү төсвийн нөөц боломжийг нэмэгдүүлэх талаар аудитын үр ашиг хоёр дахин нэмэгдэх байх гэж харж байгаа хэмээн хариулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг түр хойшлуулж, сэдвийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй гэсэн горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь горимын саналыг дэмжсэн тул энэ асуудалд Ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг томилсноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл