ЭЗБХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

  2021-07-01 13:25  200


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 11 цаг 37 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ажлын хэсэг  байгуулж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо.

    Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн талаар танилцуулав.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын  2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан байна. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасан гэв. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний төсөл нь нийт 6 бүлэг, 23 зорилготой ба Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 300 төсөл, арга хэмжээг тусгасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас улсын төсвөөс 2.2 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 162.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.7 их наяд төгрөг, түншлэлээр 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийх шаардлагатай гэв.


    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, энэхүү баримт бичгийг сайн баталснаар 2022 оны улсын төсвийг нэгтгэх үйл явц цэгцрэх ач холбогдолтойг хэлж, хууль хоорондын нийцлийг хангахад бүх түвшиндээ онцгойлон анхаарахыг анхааруулж байв. Түүнчлэн яамд төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлд санаачилга гаргаж ажиллах шаардлагатайг, төсвийн сахилга батыг сахих, ингэснээрээ олон улсын түвшинд зээлжих зэрэглэл тогтвортой байлгах, улмаар санхүүжилт босгож, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх шаардлага байгааг анхаарах саналыг илэрхийлсэн.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.


Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Аудитын энэ удаагийн дүгнэлт сайн гарсан нь ирэх жилүүдийн төсвийн оновчтой төлөвлөлтийн суурь болно

    Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ долоо хоногийн даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм.

    Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.


    Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.    


    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд нар Монгол Улсын Ерөнхий аудитор болон Сангийн дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар энэ жил аудитын дүгнэлт маш сайн гарсан хэмээн тэмдэглэж, аудитын дүгнэлт ийм чанартай гарсан нь ирэх жилүүдийн төсвийн оновчтой төлөвлөлтийн суурь болно хэмээгээд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад талархаж байгаагаа хэлсэн. Цаашдаа аудитын байгууллага зөвлөмжийнхөө биелэлтийг шаарддаг, гаргасан дүгнэлтүүд нь улсын төсөв, хөрөнгийн үр ашигтай, зохистой зарцуулалтад нөлөө үзүүлдэг байхад анхаардаг байхыг санууллаа. Ийнхүү Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.


Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

    Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороодод шилжүүлсэн юм.


    Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгадаа, цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх, хил орчмын цар тахлын тархалтын улмаас түүхий эдийн экспорт эрс буурч, төсвийн орлогод сөргөөр нөлөөлж эхэлснийг дурдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс нийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын  нөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах ба хэмнэгдсэн зардлыг (КОВИД-19) цар тахлын хариу арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

    Бодлогын дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нэгдсэн 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,7 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх юм байна.


    Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсан бол Ж.Ганбаатар гишүүн үг хэлсэн. Гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-07-01 15:12  200