Цэс

Холбоо барих

Хууль, эрх зүйн газар

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын эхлэл нь Улсын Бага Хурлын даргын1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн “БНМАУ-ын Бага Хурлын аппаратын бүтэц, орон тоо, ажилтны цалингийн схемийг батлах тухай” 04 тоот захирамжаар байгуулагдсан Зөвлөгчдийн товчоо бөгөөд анх 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан түүхтэй.

1990 онд “Зөвлөгчдийн товчоо” нэртэй байгуулагдсан тус нэгжийн нэр, бүтэц, орон тоо янз бүрээр өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд 1991 онд Шинжилгээ-лавламжийн хэсэг, 1992 онд Хууль тогтоомжийн шинжилгээ-лавламжийн хэсэг, 1994 онд Хуулийн хэлтэс, 2008 онд Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэс, 2013 оноос Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, 2018 оноос Хууль, эрх зүйн хэлтэс гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэхэд Хууль, эрх зүйн газар болсон.

УИХ-ын тогтоолоор шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэх үүднээс Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийг Хууль, эрх зүйн газар болгож, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, Хуралдаан зохион байгуулах хэлтэс,  Зөвлөхүүдийн албатайгаар зохион байгуулсан.

Үндсэн чиг үүрэг:

Хууль, эрх зүйн газар нь Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн бүрдүүлбэрийг хянах, эрх зүйн дүн шинжилгээ хийх, төслийг хэлэлцэн батлах үйл ажиллагааны бэлтгэл хангах, хэлэлцүүлэх, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг бэлтгэх, албажуулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан, цахим сан бүрдүүлэх, нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, ёсчилсон хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл