Цэс

Холбоо барих

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 39 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр шилжүүллээ

Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн 79, дэмжээгүй таван зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалтыг явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 38.1 дүгээр зүйлд “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй ”гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхи нь дэмжив. Түүнчлэн төслийн 34.11 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно”,Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжих нь зүйтэй гэж үзэв. Мөн төслийн 17.2 дугаар зүйлд “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана”, “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна” гэсэн хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

Харин Ажлын хэсгээс төслийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй” гэсэн хэсгийг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч хоёр тэнцүү эрхтэй байдаг. Гэтэл прокурор нь өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулахгүй гэдэг ийм заалт байж болохгүй” гэж байлаа. Мөн төслийн 34 дүгээр бүлгийн 18 дугаар зүйлд “Хэргийг прокурорт буцаах” хэсгийг нэмэх заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Энхболд нар энэ заалтын тухайд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Энэ хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол, прокурор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол буцаахаар тусгагдсан байна. Гэтэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглээд, холбогдох хуулийг ноцтой зөрчин байж иргэнийг шүүхэд авчирсан байхад, үүнийг буцаах тухай асуудал байхгүй. Шүүх гэм буруутай нь тогтоогдвол шийтгэдэг, гэм буруугүй бол цагаатгадаг л байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн.Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар “Шүүх гэм буруутай нь тогтоогдвол шийтгэдэг, буруугүй байвал цагаатгадаг, тодорхой бус асуудлыг буцаадаг учир энэ хэсгийг дэмжих шаардлагатай” гэж байлаа.

Түүнчлэн төслийн 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг /Хулгайлах/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ дугаар зүйл, 22 дугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах саналыг Ажлын хэсгээс татаж авлаа.

Ажлын хэсгээс төслийн 22.1 дүгээр зүйлд “Мөрдөгч, прокурор, шүүх энэ хуульд заасан өмгөөлөгч оролцвол зохих эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хаана, хэзээ явагдах тухай боломжит хугацаанд өмгөөлөгчид урьдчилж мэдэгдэнэ” гэж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувь нь дэмжив. Мөн төслийн 29.2 дугаар зүйлд “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна” гэсэн хэсгийг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2  хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, “Үйлдэл тус бүр дээр эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг үйлдэл тус бүр дээр дугаар олгоно гэсэн үг. Ингэснээр эрүүгийн хэргийн дугаар олголт замаа алдах вий” хэмээн Ажлын хэсгийнхэнд анхааруулав. 

 Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн   ахлагч Х.Нямбаатар танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт, асуух гишүүн байсангүй. Иймд уг хуулийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 44 саналын томъёолол, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хоёр саналын томъёоллоор  санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 7.2 дугаар зүйлд “ Эрх бүхий албан тушаалтны шийтгэл, оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь  дэмжлээ. Мөн төслийн 8.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 7.6 дугаар зүйлд оролцогчийн гаргасан санал гомдлыг шийдвэрлэх хүртлэх хугацаанд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмээ авсан шийдвэрийн биелэлтийг шүүх түр түдгэлзүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Ажлын хэсгээс хуулийн төсөлд “Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх журам” -ын тухай есдүгээр бүлэг шинээр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70,7 хувь нь дэмжлээ.  

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн гаргасан төслийн 5.4 дүгээр зүйлд “Баримт бичгийг хураан авах эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа ажлын таван өдрөөс хэтрэхгүй байна”, төслийн 7.2 дугаар зүйлд “шийтгэл албадлагын арга хэмжээ гэсний дараа "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  зардлыг хуваарилсан тухай” гэж нэмэх санал оруулсан нь  гишүүдийн олонхийн дэмжлэгийг авав. Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

 Үүний дараа Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн  бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх  гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулахад Ажлын хэсгээс гаргасан санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Тухайлбал, Ажлын хэсгээс хуулийн төсөлд “Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг дэмжин оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах”, “оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх”, “гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Ажлын хэсгээс гаргасан хувийн хэвшлийн байгууллага нь /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын таван хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах, сайн дурын ажил болон цэргийн албанд хамрагдаж төрийн албанд орох сонгон шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцох” саналыг гишүүдийн олонхи дэмжив.

Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.


Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нарын өргөн мэдүүлсэн  Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах”, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 4.1.13-т “Шим тэжээллэг болон органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс төдийгүй нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болдог учир төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байдаг. Хүн амын дунд явуулсан амин дэм, эрдэс бодисын дутлын талаарх судалгааны дүн баяжуулсан хүнсний талаар бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна гэдгийг танилцуулгадаа онцоллоо.

Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа /100%/ хүрэхгүй байна. Тухайлбал, амин дэм В1-70,8, В2-77,6, B6-59,5, С-30.8, А-93,5, кальци-69 хувийн хэрэглээтэй байна. Хүн амын эрдэс, амин дэмийн дутлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь А, 42,4 хувь нь Д амин дэмийн дуталтай болохыг тогтоожээ. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байсан байна. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох нь эдийн засгийн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, А.Сүхбат нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хүнсний салбарын бодлогыг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд шинжлэх ухааны салбар судалгааны байгууллагуудын оролцоог хангаж төрөөс дэмжих, баяжуулсан бүтээгдэхүүнийг хянах лабораторийг бэхжүүлэх асуудалд онцгой анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн нэр, томъёо боловсруулалтад анхаарах, эрүүл хоол хүнс, зөв хоололтын талаарх хүн амын боловсролыг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай, хоол хүнсийг баяжуулах асуудлыг төсөлд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийг засаж сайжруулах нэр, томъёог анхаарах, төслийн 5 дугаар зүйлд баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүргийг дэлгэрэнгүй хуульчлах, төслийн 9 дүгээр зүйлийг Зөрчлийн хуультай уялдуулан томъёолох, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг баяжуулсан хүнсэн дээр байх шошго, хэрэглэх зааврыг нь төсөлд тодорхой зааж өгөх, төслийн найруулга, үг хэллэг, нэр томьёог анхаарах гэсэн саналуудыг тус тус гаргасан болно. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөл болон  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.  Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл