Цэс

Холбоо барих

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.17/ хуралдаан 15 цаг 03 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын шаардлагын улмаас чөлөө авсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалан хуралдуулсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн

анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 10-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Харин чуулганы энэ сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага авсан юм.

Ингээд Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 78 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 7.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоож, санал авах өдрөөс 130-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг товлон зарлана” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 7.10 дахь хэсгийг “Энэ хуулийн 91.1-д заасны дагуу анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Их Хурал 30 хоногийн дотор дахин сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно“ гэж өөрчлөн найруулав. Харин “Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” гэсэн төслийн 34.2 дахь хэсгийг хасах ажлын хэсгийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгийн ахлагч болон Сонгуулийн ерөнхий хорооны даргын тайлбарыг сонсоод “Энэ бол зарчмын асуудал. Нэр дэвшинэ гэж бөөн ажил удаж, харөнгө мөнгө зарж баахан манаргачихаад эцэст нь нэрээ татлаа гэж тоглоом хийж байгаа юм шиг хандаж болохгүй. Үүний цаана намын нэр хүнд, олон түмний итгэл үнэмшил, саналын хуудас хэвлэсэн зардал мөнгө гээд олон асуудал бий. Тиймээс энэ хэсгийг хасч болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь ажлын хэсгийн саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар энэ асуудлаар цөөнх болж буйгаа мэдэгдсэн юм. Мөн нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай байна гэсэн төслийн 37.3 дахь хэсгийн шадар туслагчийн тоог “1000”, ухуулагчийн тоог “400” болгож тус тус нэмэхээр ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул төслийн заалт хэвээр үлдлээ.

Төслийн 38.3 дахь хэсгийг “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ зүйлийн 38.2-т заасан шаардлагад нийцсэн эсэхийг төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байна”, 38.5 дахь хэсгийг “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан бол уг дүгнэлт гарснаас хойш 3 хоногийн дотор зөрчлийг арилгаж дахин хянуулна”, 38.6 дахь хэсгийг “Төрийн аудитын дээд байгууллага энэ зүйлийн 38.3, 38.4, 38.5-д заасны дагуу хянасан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг өөрийн дүгнэлтийн хамтаар санал авах өдрөөс 32-оос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн холбогдох хэсгийг “Олон нийтийнхээс бусад радио, телевиз нь гэрээний үндсэн дээр сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлэг дамжуулна”, “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөрийн хэмжээ нь тухайн радио, телевизийн сүүлийн зургаан сарын төлбөртэй сурталчилгааны дунджаас ихгүй байна”, “Улс төрийн мэтгэлцээн дамжуулах нэвтрүүлэг, хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт тооцохгүй” гэсэн агуулгаар тус тус өөрчлөн найруулахаар тогтов.

Төслийн 66.1 дэх хэсгийг “Нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст бичихдээ нэр дэвшүүлсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг, намууд хамтарч нэр дэвшүүлсэн бол түрүүлж бүртгүүлсэн намын дарааллыг баримтална” гэж өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 28.2 дахь хэсгийг “Эрүүл мэнд, албан томилолт зэрэг зайлшгүй шалтгаанаар сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суудаг газрын харьяа санал авах байранд бичгээр, өөрийн биеэр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ”, төслийн 83.2 дахь хэсгийг “Сонгогч аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулж тооцно” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон ажлын хэсгээс гаргасан найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлд заасны дагуу хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоож ирсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 45 төлөөлөгчтэй байхаар заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, аймаг 41, Архангай, Баян-Өлгий, Хэнтий аймаг 39, Сэлэнгэ аймаг 37, Дорнод, Дундговь аймаг 35, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг 33, Дорноговь аймаг 31 төлөөлөгчтэй байна.

Харин сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заасан байна. Харин уг хуулийн 10.4-т 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгч тус тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахаар хуульчилсан байдаг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж үзсэний үндсэн дээр дээрх дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар нутгийн өөрөө удирдах байгууллагын чадамж нэмэгдэж, тухайн нутаг дэвсгэрийн өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд тодорхой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар хуулийн төслийн талаархи илтгэлийг танилцуулав.

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл юм. Монгол Улсын Үндсэн хуульд ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон иргэний суурь эрхийг баталгаажуулсан бөгөөд Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр 30 орчим хууль, тогтоол баталсан байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах хуулийн төсөлд иргэд санал өгөх нь жил ирэх тусам нэмэгдэж, иргэдийн улс төрийн идэвх, соёл төлөвшиж байгаа хэдий ч иргэд бүх шатны төрийн болон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан ёсны ажиллагаанд тэр бүр оролцож чадахгүй, гаргасан шийдвэр нь иргэдийн ашиг сонирхол, нийгмийн амьдралын бодит шаардлагад нийцэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байгаа нь аливаа хууль, шийдвэрийн төслийг санаачлан боловсруулах ажиллагааны явцад иргэдтэй зөвлөлдөх үйл явцыг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулж байна. Иймд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн байр суурь, хүсэл эрмэлзлэл, саналыг зөвлөлдөх ардчиллын зарчмаар тодруулах эрх зүйн механизмыг бий болгож хуульчлах шаардлагатай тулгарч байгааг үндэс Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хуулийн төсөл нь нийгэм, эдийн засгийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулга явуулах замаар тодруулах, улмаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газар, төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас шийдвэр гаргах асуудлаар Монгол Улсын иргэдтэй зөвлөлдөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх; тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх; иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх; Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулга нь тухайн санал асуулгад хамрагдах хүрээний сонгуулын эрх бүхий иргэдийг тохиолдлын зарчмаар сайн дурын үндсэн дээр сонгон оролцуулдаг, санал асуулгын дүнгээр заавал биелүүлэх шийдвэр гаргахгүй боловч хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад бодитой мэдээлэл өгснөөр хууль, шийдвэрийн үндэслэл, олон нийтийн оролцоог хангах боломжийг олгодгоороо асуудлыг эрх зүйн хувьд нь шийдвэрлэдэг ард нийтийн санал асуулгаас ялгаатай байх аж. Зөвлөлдөх санал асуулгыг нийт улсын хэмжээнд болон тодорхой засаг захиргааны нэгжийн хүрээнд энэ хуулиар эрх олгосон этгээд зохион байгуулахаар төсөлт тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болно. Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох иргэдийн оролцоо улам бүр нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зардлыг тухайн жилийн төсвийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл