ЭЗБХ: Ээлжит чуулганаар нийт 4 хууль, 7 тогтоолыг батлуулжээ

  2018-07-02 16:51  735

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2018.07.02) УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Уг хуралд тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар оролцов.

    Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллийн эхэнд тус байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус хус хуралдсан болохыг танилцууллаа. Тайлант хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 30 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 28 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх 10 гаруй ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 7 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцжээ. 


    Хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос 2017 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтийг нэгтгэн дүгнэж, 2019 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна. 

    Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, хөнгөн, хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлогоор дэмжиж, хүнсний эрүүл ахуйн чанарыг сайжруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг үндсэн чиглэлд тусгав.

    Ээлжит чуулганы хугацаанд Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээ болж байна. Уг тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалж, Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюутолгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Таван толгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлыг тусгалаа.

    Банк, санхүүгийн салбарын чиглэлээр Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг хэлэлцэж баталсан нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал алхам боллоо. Энэ хууль батлагдсанаар банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах хугацаа олгох, зайлшгүй тохиолдолд төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг зохицуулах, дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх, банканд хийх хяналт шалгалтыг сайжруулах, олон нийтээс банканд итгэх итгэл нэмэгдэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа болно.

    Төрийн өмчийн илүүдэлтэй болон ашиглалтгүй эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоол гаргасан юм. 

    Төв банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монголбанкны мөнгөний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг УИХ-аар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа талаар Байнгын хорооны дарга мэдээллээ. Мөн Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна. 


    Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, агаарын харилцааг либералчлах, нислэгийн давтамжаар бус, суудлын багтаамжаар тохирох зохицуулалтад хүрэхийг эрмэлзэх замаар хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдаж, агаарын хөлгийн багтаамжаас хамаарсан дарамт, хүчин чадлын дутуу байдлыг арилгаж, үндэсний агаарын тээвэрлэгчид ач холбогдолтой, уян хатан зохицуулалтыг бий болгох чиглэлээр төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод өөрчлөлт оруулсан талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэв. Монгол Улсын Засгийн газар макро Эдийн засгийн бодлогын хүрээнд 2019 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх, инфляцийг зорилтот түвшинд буюу 8 хувьд барих, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, эдийн засгийн суурь  үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээг Үндсэн чиглэлд тусгажээ. Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2019 онд уул уурхайн салбар 6.3 хувиар, уул уурхайн бус салбар 8.4 хувиар, барилгын салбар 14 хувиар, үйлчилгээний салбар 8.6 хувиар тус тус өсөхөөр байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаар танилцууллаа. Мөн тэрбээр ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгохоор нэр бүхий гишүүдээс холбогдох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. 

    Ээлжит чуулганы хугацаанд төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болох Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлээд байгаа юм байна. 

    Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хяналт, шалгалтын чиглэлээр хийсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулаад, хэвлэлийн бага хурлын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон зээлийн хүүг хязгаарлах бодлогын зохицуулалтын талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2018-07-02 12:28  735