Цэс

Холбоо барих

Сонгуулийн төв байгууллагын хамт олонд хүргүүлсэн Улсын Их Хурлын даргын илгээлтийг гардуулж өгөв

Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монголын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлаас Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан түүхтэй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад Сонгуулийн төв байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд, хамт олонд илгээлт хүргүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв.


Улсын Их Хурлын дарга илгээлтдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монголын ард түмний сонгох, сонгогдох язгуур эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ Сонгуулийн ерөнхий хороо, түүний гишүүд, хамт олон гурван арваны турш нэр төртэй гүйцэтгэсээр өнөөг хүргэлээ.

Сонгуулийн хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах, сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах, чөлөөт, ардчилсан сонгуулийн цоо шинэ тогтолцоо бүрдүүлж, төлөвшүүлэх өндөр нэр хүндтэй, хариуцлагатай үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж, бэрхшээл сорилтыг нэр төртэй даван туулж, Монгол төр, Монголын ард түмний эрх ашгийг ямагт эрхэм болгон ажиллаж ирсэн Та бүхний нөр хөдөлмөр, сэтгэл зүтгэлийг талархан тэмдэглэж байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 1992 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын сонгуулийг 8 удаа, Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг 7 удаа зохион байгуулжээ. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн өөрөө удирдах байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох болон шат шатны нөхөн сонгуулиудыг хуулийн дагуу, сонгогчдын өргөн оролцоог ханган, амжилттай зохион байгуулж ирсэн байна.

Монгол Улсын Их Хурал сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Сонгуулийн ерөнхий хорооны зохион байгуулалт, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр олон чухал шийдвэр гаргасан бөгөөд цаашид ч энэ чиглэлээр онцгой анхаарах болно гэжээ.


Улсын Их Хурлын даргын илгээлтийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан өнөөдөр (2021.04.09) Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд гардуулж баяр хүргэлээ. Энэ үеэр тэрбээр Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар тодруулж ярилцав.

Энэ арга хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл