Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Монгол Улсад 200 000 гаруй гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас 16 000 орчим хүн нас барж, 75 000 хүн эрүүл мэндээрээ хохирч, 380 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн баримт байна. Эндээс дүгнэлт хийж цаашид гэмт явдалтай тэмцэх ямар бодлого баримтлах, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь ямар байх вэ гэсэн асуултад энэ удаагийн хурал хариулт өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.

Уг хуралд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингэс, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Баттулга нар үг хэлж, хууль зүйн салбарын эрдэмтэд, практик байгууллагын судлаачид итгэл тавив.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд дотоодын хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллага, их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, гадаадын 20 гаруй орны төлөөлөгч оролцлоо. Хурлаас Монгол Улсад гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг онол, арга зүйн өндөр түвшинд хэлэлцүүлж, хууль сахиулах салбарын шинэтгэлийн хүрээнд боловсруулж байгаа хуулиудын төсөлд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг авч нэгтгэн зөвлөмж гаргалаа.

Тоймыг бэлтгэсэн:

Хууль зүйн байнгын хорооны

референт Ч.Батбямба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл