Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.22) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 41 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 7 бүлэг 50 зүйлтэйгээр боловсруулсан байна.

    Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох тухай, Улсын Их Хурал зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулж, харин Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг хассан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн батлах, хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх болон улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байна. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох тухай, Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцсэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх, хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батлах тухай зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулав.


    Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт, гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд олон улсын парламентын холбооноос гаргасан судалгаа, зөвлөмжид үндэслэн шинэ зохицуулалт нэмж тусгасан болохыг тэрбээр танилцуулгадаа дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй тухай, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүнийг хавсарч болох тухай, гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Төсөлд Улсын Их Хурлын олонхийг бүрдүүлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх тухай тус тус заажээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах, түүнд итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой зэрэг Улсын Их Хурал, түүний бүрэн эрхтэй холбоотой 13 багц асуудлыг шинэчлэн зохицуулснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тухайн харилцааг шинэчлэн болон шинээр зохицуулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 28 жилийн туршлагад тулгуурлан, олон улсын жишигт нийцүүлэн Улсын Их Хурлын зорилт, чиг үүрэг, Улсын Их Хурлын бие даасан байдлыг хангах, Улсын Их Хурлын Анхдугаар, ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбоотой зохицуулалтыг төсөлд шинээр нэмж тусгажээ. Хууль тогтоох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийн үр нөлөөг сайжруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцож байгаа албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үзэж тухайн этгээдэд Төрийн албаны болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хариуцлагажуулсан гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан байна.


    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар асуулт асууж, төсөл санаачлагчдаас хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Батзандан гишүүн тодруулав. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2 дахь хэсэгт заасан тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргахаар төсөлд тусгажээ.

    Хянан шалгах түр хорооны талаарх асуултад Д.Лүндээжанцан гишүүн хариулт өгсөн. Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор хойшлуулшгүйгээр нэг жил хүртэлх хугацаатайгаар байгуулахаар төсөл тусгажээ. Хянан шалгах түр хороо нь тухайн асуудлаар холбогдох албан тушаалтан, гэрчийг дуудан ирүүлэх, хянан шалгагч, шинжээч томилох, тэдгээрээс тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, мэдээлэл гаргуулах бүрэн эрхтэй байх юм байна. Түүнчлэн тус түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хянан шалгалт явуулна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглох аж. Хянан шалгах түр хороо хяналт шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэж гаргасан тайлангаа Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцох аж. Уг тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түүний цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийдэх юм байна.


Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурал дахь нам, эвсэлийн бүлгийн талаарх зохицуулалтын талаар тодруулга хүсэв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар наймаас доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно. Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт нэгдэн орохыг, бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглохоор төсөлд тусгасан байна. Улсын Их Хуралд бүлэг байгуулсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд нэгдэн дахин бүлэг байгуулахыг хориглох юм байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын хэлбэр үүсгэхийг хориглох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь буюу 75 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл