Өргөдлийн байнгын хороо нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тууштай ажиллаж, тогтоол шийдвэрийнхээ гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна

  2020-02-06 19:25  457

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж, өнөөдөр /2020.02.06/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


    Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир нар оролцов.

    Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 4 удаа хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа үүрэг өгч, 4 удаа албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Иргэд, байгууллагаас УИХ-д хандаж намрын ээлжит чуулганы хугацаанд 10421 иргэнээс 818 өргөдөл ирүүлснийг шийдвэрлэн ажиллаж байна.


    Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга М.ОюунчимэгӨргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэхдээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахаас гадна холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах асуудлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Мөн шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг.

Аливаа үйлдвэрлэлийн дамжлага болгонд хяналт тавьснаар чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргадагтай яг адилхан Өргөдлийн байнгын хороо нийгэм, нийтийн эрх ашгийг хамгаалахыг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу судалж үзээд, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаад, гаргасан тогтоол, шийдвэрээ бодит амьдралд хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавьдаг.

Тогтоол, шийдвэр гаргаад орхилгүй бодит ажил болгохын тулд хойноос нь хөөцөлдөж, хяналт тавьж ажиллавал үр дүн нь гардаг гэдгийг харуулахыг зорьж ажилласан” гээд 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд болон энэ удаагийн парламент бүрдсэнээс хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол гол ажлынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд анх удаа гүйцэтгэлийн аудит хийлгэв

    Агаарын бохирдол түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт 2017 оны 01 дүгээр тогтоолоороо түүхий нүүрсний хэрэглээг зогсоон, хийн хэрэглээг нэвтрүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлийг өгсөн.

2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа гүйцэтгэлийн аудит хийлгэж, сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 750 тэрбум төгрөгийг тодорхой гарсан үр дүнгүй зарцуулсан талаар нийтэд мэдээлсэн. 750 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгүй зарцуулсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгийг зарцуулж хийсэн ажлаас агаарын бохирдол буурсан бодит үр дүн харагдаж байна. 

Байнгын хороо зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оноос хойш 10 удаагийн хуралдаан хийж, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хүрээнд 4 тогтоол, 3 удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн.

Үр дүнд нь,

·      2018 оны улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, нийслэлийн 1298  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг 657 сая төгрөгийн агаар шүүгчээр хангасан

·      Нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн

·      Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-аас нийслэл хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглож, түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.

·      Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” үйлдвэр ашиглалтад орж нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна.

·      Холбогдох шийдвэрийн дагуу 2019 онд нийслэлийн гэр хорооллын айл өрх бүрд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгосон.     

·      Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсгүүд дэх 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан. 

·      Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй “Цахилгаан автобус”-ыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна. 

·      Сайжруулсан түлшний хаягдлыг боловсруулах чиглэлээр иргэдэд 5 шуудай үнсээ тушаагаад 1 шуудай сайжруулсан түлш үнэгүй авах боломжийг бүрдүүлэн Нийслэлийн зарим дүүргүүдийн хороодод туршилтын төсөл хэрэгжиж эхэлсэн.  

·      Байнгын хорооны дарга УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Таван толгой түлш” ХХК болон дүүргүүдэд ажиллан иргэдийн саналыг сонсож, сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд сурталчлах, сайжруулсан түлшийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Засгийн газарт зөвлөмжөөр хүргүүлж ажилласан.  

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар Байнгын хорооны дарга ийнхүү мэдээлээд “Хэрвээ 750 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулж чадсан бол өнөөдөр бид утаанаасаа бүрэн салчих байлаа. Цаашдаа агаарын бохирдлын эсрэг төсөвлөж байгаа мөнгө хөрөнгө, түүний гүйцэтгэл дээр хяналт тавьж чадвал утаанаасаа ангижрах  бүрэн боломж байна” гэлээ.


Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн хэрэглээнээс хязгаарлав

    Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав болон нийлэг уутыг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хязгаарлах, орчны бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар төрийн бус байгууллага болон 927 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулж 2018 оны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн.

Үр дүнд нь,

·      Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 20-ны 189 дүгээр тогтоолоор нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тогтоол гаргасан.

·      Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар Нийслэлийн Багануур дүүрэгт 10 га газрыг олгохоор шийдвэрлэсэн. Эдүгээ барилгын ажлыг эхлүүлэх ажил эрчимжиж байна.

Туул гол хамгаалах эзэнтэй болов

    Туул голыг хамгаалах чиглэлээр Байнгын хорооны хуралдаан явуулах, нээлттэй хэлэлцүүлэг  хийх, газар дээр нь очиж ажиллах зэргээр тогтмол ажилласан.  Нийт 4 удаагийн үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байсан 56 иргэд, аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан.

Мөн голын эргийн хамгаалалтын бүсэд барьсан аж ахуйн нэгжийн хашааг буулгах ажлыг эрчимжүүлж, удаа дараа хяналт тавин ажиллаж байна.

Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барих, хуулийн төсөлд Туул голыг хамгаалах цагдаа ажиллуулах саналыг тусгах чиглэлээр Засгийн газарт 2016 оны 03, 2018 оны 06 дугаар тогтоолуудаар үүрэг өгсний үр дүнд Засгийн газраас 2020 онд экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гарч, Туул голыг хамгаалах бодит эзэнтэй болж байна.


  Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолт, тээвэрлэлтийг зогсоов

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцож нөхөн төлүүлэх чиглэлээр ажиллахдаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр хамтарсан хуралдаан хийж 04/01 дүгээр тогтоол гарган Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Тус тогтоолд Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг болон зарим сумдын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоох, зохих журмын дагуу байгаль орчныг нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалалт хийлгэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт дүгнэлтийг үндэслэн шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэхийг чиглэл болгосон.

УИХ-ын дарга Г.Занданшатар байгалиа хамгаалах энэ асуудалд мөн анхаарал хандуулж, Туул голын эрэг дагуу явж ажиллан, холбогдох байгууллага, албан тушаалтанд хойшлуулшгүй хийх ажлын даалгавар өгсөн.


Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжүүлснээр иргэд хүндрэл багатайгаар орон байртай болно

    Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар хуралдаан, хэлэлцүүлэг, нөхцөл байдалтай танилцах зэрэг 8 удаагийн ажлыг зохион байгуулж, Засгийн газарт 4 тогтоол, 2 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсний үр дүнд,

·      “Буянт Ухаа 2” хорооллыг гүйцээн барихад гацаад байсан 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгуулахаар шийдвэрлүүлсэн.

·      ТОСК ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжинд хамруулах, иргэд орон сууц түрээсэлж байх хугацаандаа ипотекийн зээлд хамрагдаж өөрийн эзэмшилдээ шилжүүлж авах боломжийг олгох зэрэг өөрчлөлтийг журамдаа оруулсан.

·      Ипотекийн зээлийн журамд гэр хорооллын иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгууллаа.

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов

    Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагу “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдэд буюу иргэдэд ногдол ашиг олгох асуудлаар мөн ажиллав.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлаар 25000 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 2019 оны арванхоёр дугаар сарын 10-ны өдөр Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж, шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо.

Мал хулгайлах гэмт хэргийн талаар цахим хуралдаан хийж, ялын бодлогыг чангатгах асуудлыг хөндөв

    Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар, Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлгийг 2019 оны арваннэг дүгээр сарын 5-ны өдөр цахим  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан өнчин ишиг хулгайлсан ч малын хулгайд тооцож, хариуцлага хүлээлгэдэг байх саналыг томьёолон Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэгт хүргүүлсний үр дүнд мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр Эрүүгийн хуульд тусгагдаж, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахад ахиц дэвшил гарлаа.


Сурагч, багачууд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэйг сануулж ажиллав

Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах талаар ирүүлсэн өргөдлийн дагуу 2019 оны арваннэг дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагч багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх хангагдаж байна уу гэдгийг хянан, Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах ажлыг нийслэлийн Ерөнхий боловсролын 39, 85 дугаар сургуулиудад зохион байгууллаа. Ийнхүү ажиллахад илэрсэн зөрчлийг арилгахаар албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн. Үүний үр дүнд нь нийслэлийн 39 дүгээр сургуулийн гадна талбайг хувийн өмчлөлд шилжүүлсэн байсныг буцаан авах,  85 сургуулийн орчны замд тэмдэг, тэмдэглэгээ хийлгэж сурагчдын аюулгүй зам гарах нөхцөлийг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалган, ажил хэрэг боллоо.

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулахыг бүрэн хориглов

    Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудын хамт 2019 оны арванхоёр дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Элит сургууль, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр ажилласан. Дараа нь Байнгын хорооны хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжөөр Засгийн газарт чиглэл өгсөн. Энэхүү ажлын үр дүнд  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашид сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглсон бүтээгдэхүүнийг бүрэн хориглох ажил цэгцэрч, бодитоор хэрэгжиж эхлээд байна.


  2020-02-06 17:56  457