Цэс

Холбоо барих

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Р.Бурмаа

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ. Засгийн газраас гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалах байр, зөвлөгөө өгөх утсаар үйлчлэх үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан ажиллуулжээ.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Гэмт хэргийн тухай хуулийн төслийн 11.7-д энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэхдээ хөнгөн ял шийтгэл оноохоор, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байнга мэдээлэгдэж байгаа тарчлаах гэмт хэргийг зөрчил гэж тусгасныг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг болон хүчирхийлэлд өртсөн хохирогчийг эргээд гэр бүлийн хэвийн амьдралд ороход нь тусалж дэмжих зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг ярихдаа уламжлалт гэр бүлийн харилцаа, бодлогыг ярих хэрэгтэй бөгөөд хохирогчийг хамгаалах байр, зөвлөгөө өгөх утас, нэг цэгийн үйлчилгээний хэдэн төв шинээр байгуулагдах, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх нийгмийн ажилтнууд бэлтгэгдсэн эсэх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төсөлд агуулгын хувьд монгол ёс заншил, уламжлалтай холбоотой зүйл маш бага харагдаж байгаа тул гадаад улсын дэвшилттэй зүйлийн хамт өөрсдийнхөө уламжлал, ёс заншлыг хуулийн төсөлд тусгах цаашилбал боловсролын системдээ нэвтрүүлэх, хуулийн төслийг хэлэлцэх явцдаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуультайгаа уялдуулах нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус гаргаж байсан болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл