Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын бэлтгэл хангах сургалт зохион байгуулав

  2019-06-12 18:46  293

    Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2019.06.12) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын бэлтгэлийг хангахад чиглэсэн сургалт зохион байгууллаа. Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтнууд, Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн болон Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд оролцсон юм. 

    Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг санууллаа. Тус төслийг хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтнууд ихээхэн үүрэг, оролцоотой ажиллах тул үйл ажиллагаагаа холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай, зохион байгуулалттай, нямбай ажиллах шаардлагатайг хэлж байв. 


    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сургалтыг нээж, Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэг, зураглал, цагалбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох хуулийн дагуу зохион байгуулдаг онцлогтойг тэрбээр тэмдэглэв. Энэ дагуу хэлэлцүүлгийн ерөнхий зураглалыг гаргасан бөгөөд Тамгын газрын ажилтан бүр үйл ажиллагаагаа нарийн зохион байгуулж, өндөр хариуцлагатай, шуурхай, нямбай ажиллах шаардлагатайг сануулсан юм. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр гурван шатны хэлэлцүүлэг болох юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхдээ Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүйн ирцтэйгээр хуралдах хуулийн зохицуулалттай. Төслийн 1 дахь шатны хэлэлцүүлгийн дараа Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийн талаар иргэд сонгогчдодоо дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хүргэх юм байна. Энэ үеэр Тамгын газрын ажилтнууд дагалдан ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс гаргаж буй санал, шүүмжийг нээлттэй хүлээн авах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх үүрэг хүлээж байгааг санууллаа. Иргэдээс ирүүлсэн саналуудыг Тамгын газрын ажилтнууд нэгтгэн, боловсруулж ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх үүргийг хүлээж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд төслийн 1-2 дахь хэлэлцүүлэг, 2-3 дахь хэлэлцүүлэгт шилжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын нийт иргэн, хүн ам, олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэх талаарх зохицуулалт бий. 

    Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2 дахь шатны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод хэлэлцэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд, Төрийн байгуулалтын байнгын хороо тэдгээрийг нэгтгэн хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн 2 хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн 3 дахь хэлэлцүүлгээр шийдвэрлэх, эсвэл ард нийтийн санал асуулга зохион байгуулах талаарх холбогдох шийдвэрийг гаргах юм байна. 

    Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хуульд заасан хэлэлцүүлэг хоорондын хугацаа 7-оос доошгүй өдөр байх зохицуулалтын дагуу Тамгын газрын ажилтнууд энэ үеэр холбогдох бэлтгэл хангах, саналын томъёоллуудыг бэлтгэх үүрэг хүлээн ажиллана. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо дахин ажиллаж, төслийн хэлэлцүүлгийн явцын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулах юм. Тамгын газрын ажилтнууд энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан гаргасан иргэдийн санал, шүүмжийг нээлттэй хүлээн авах, нэгтгэн боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд хүргүүлэх ажлыг гүйцэтгэх үүрэгтэй оролцох юм байна. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо 3 хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 дахь шатны буюу эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. 

    Харин төслийн 2 дахь хэлэлцүүлгийн төгсгөлд ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу дахин 1, 2 дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, ард нийтийн санал асуулгаар танилцуулах төслийн эхийг эцэслэн хэлэлцэх ёстой юм байна. Үүний дараа ард нийтийн санал асуулгыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү ард нийтийн санал асуулгын дүнг нэгтгэн хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ танилцуулна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгын дүнг хэлэлцээд, Ерөнхийлөгчид хүргүүлэх зохицуулалттай байдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн ерөнхий төлөвлөгөө, зураглал нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд нарийн төлөвлөгдсөн байгааг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон. 


    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг нь холбогдох хуулиудад заасан цаг хугацааны нарийн хуваарьтай болохыг Л.Өлзийсайхан дарга тэмдэглээд ажилтан, алба, хэлтэс бүр нарийн зохион байгуулалттай, шуурхай, нямбай ажиллах ёстойг анхаарууллаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг хангаж ажиллах үүргийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хүлээсэн байдаг тул Тамгын газар бүхий л үйл ажиллагаагаа энэ зохицуулалтад бүрэн нийцүүлж ажиллах үүрэгтэйг тэрбээр төсгөлд нь тэмдэглэн хэлсэн. 

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга сургалт боллоо. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах сэдвээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн, судлаач Н.Лувсанжав илтгэл танилцуулав. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн, судлаач Р.Хатанбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт сэдвээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн, судлаач О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүн, судлаач Ц.Товуусүрэн нар тус тус танилцуулга хийлээ. 


   Төсгөлд нь сургалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сонирхсон асуултаа тавьж, илтгэл танилцуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-06-12 21:20  293