Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2019.06.12) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдэрлэлээ. Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцууллаа. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1.7 дахь заалтыг “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр”, тайлбарыг “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйлд заасан “онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно” гэжээ.


    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан шүүх засаглал шударга бус хэмээн нийтээрээ тодорхойлж буй ийм үед улс орны амин чухал асуудлаарх шийдвэр гаргах эрхийг олгох нь эрсдэл дагуулна гэдгийг хэлээд “Үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг улс орнуудын жишээг харгалзан үзэж, энэ төслийг батлахыг дэмжиж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хариулт өглөө. Ерөнхийлөгчийн зүгээс “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэсэн өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн бөгөөд энэ нь “улс төрийн шийдвэр” гэдгээс харьцангуй өргөн агуулгатай болно гэдгийг тайлбарлав. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зохицуулалттай бөгөөд “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэдэг тодотголын дагуу Засгийн газар хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргавал тэрийг захиргааны шүүхээр оруулах бололцоогүй болох юм. Ингэвэл Засгийн газрын үйл ажиллагаа захиргааны шүүхийн хяналтаас бүрэн гарах магадлалтай. “Улс төрийн шийдвэр” гэдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл дэх зохицуулалтаараа хязгаарлагдана гэдгийг тусгах шаардлагатай гэв. Ажлын хэсэг судлаачид, мэргэжилтнүүд болон холбогдох бүх талуудтай зөвшилцсөний хүрээнд дээрх томъёоллыг боловсруулсан гэлээ. Томъёолол дахь "Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогын үндэсийг тодорхойлсон шийдвэр" гэдэг нь захиргааны шинж чанартай үйл ажиллагаа, шийдвэрээс зааглаж буй онцлогийг анхаарах шаардлагын үүднээс тайлбар гаргаж буйг Ц.Мөнх-Оргил гишүүн тайлбарлалаа. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан төслийн томъёололтой холбоотой найруулгын шинжтэй засвар хийх санал хэлэв. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйлийн 25.1-д заасан Улсын Их Хурлын 18 онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн хүрээнд Засгийн газар хэрэгжүүлэх үйл ажиллагааг “улс төрийн шийдвэр” гэдэг томъёоллоор илэрхийлж байгааг Ц.Мөнх-Оргил гишүүн дэлгэрэнгүй тайлбарласан. 

    Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 


    Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан санхүүжилтийн эх үүсвэрийн зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ачааллыг хуваарилах механик арга хэрэглэхийн оронд менемжент, эрх мэдлийн хуваарилалт, арга барилаа өөрчлөх замаар асуудлаа шийдэх гарцыг судалсан эсэхийг лавлаж, Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Авилгатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нар хариулт өгөв. 

    Авлигатай тэмцэх газрын бүтэц, орон тоог 2007, 2014 онд тус тус тодотгон баталсан талаар Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мэдээлэл танилцууллаа. Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авилгатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт өндөр байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд “Орон тооны дутагдалтай гэдэг асуудлыг олон байгууллага тавьдаг, бодит байдал дээр үндэслэлтэй байдаг.  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсан бөгөөд байгууллага бүр төсвийн тогтмол болон урсгал зардлын хүрээнд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр зохицуулалт хийх нь зохисгүй” гээд төсвийн сахилга, зохион байгуулалт алдагдах эрсдэлтэйг хэллээ. 


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжих шийдвэр гарсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл