Цэс

Холбоо барих

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.04.20/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.



Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.  

Тэрбээр, Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хэмээсэн.

Монгол Улсын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад дотоодын банкинд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрсэн бөгөөд одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкнаас найм нь гадаадын хөрөнгө оруулалттай байгаа бол эдгээрээс гурван банк гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй байгаа аж.


Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байна.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай болсон учир хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын 2016 оны “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт”-ын 1.3.5-д “Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” гэж, мөн жагсаалтын 1.3.7-д “Банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдпыг хангаж, гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох”-оор тус тус заасан байна.


Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн.  

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа мөн илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэхийг тодруулж байлаа. Мөн одоогоор манай улсад хэчнээн банк төлөөлөгчийн газраа нээгээд буй, тэдгээр банкууд салбараа нээх хүсэлт тавиад байгаа эсэхийг лавласан.


УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хариулснаар, гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцож буй аж. Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх үерэг нөлөөтэй гэлээ. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах гэнэ. Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор банкны салбараа байгуулах хүсэлт тавиагүй байгаа аж.

Түүнчлэн гишүүд Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа, тус банкны дүрмийн сан, Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээтэй холбоотой асуудлаар хууль санаачлагч болон Ажлын хэсгийн гишүүдээс асуулт тодруулсан.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ.

Дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл