Цэс

Холбоо барих

УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:25 цагт эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс уншина уу/


Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг 10 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх  буюу 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулав.


Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нар Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан асуулт асууж, хариулт авчээ.   

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэрлэх асуудлыг тусгайлан тодорхой зааж өгсөн бөгөөд ингэхдээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль” гэсэн бичилт, ойлголт байхгүй харин “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэдэг нэр томьёогоор бичигдсэн. Түүнчлэн  Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.” гэж маш тодорхой зааж өгсөн байна. Мөн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль” гэж нэрлэсэн тохиолдолд ердийн хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд нийцэхгүй төдийгүй Улсын Их Хурал Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, хэсэг, заалтыг зөрчих хууль зүйн үр дагавар үүсэхээр байсан, харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байх хуулийн шаардлага хангасан талаар, түүнчлэн Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах...”, “хуулийн заалтыг давтахгүй байх” гэж заасны дагуу тогтоолын үндэслэл хэсэгт хуулийн утга агуулгыг давхардуулалгүйгээр Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийн үндэслэлдээ таван үндэслэлийг дурдсан бөгөөд Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтохдоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан бүхий л зарчим, шаардлагын хүрээнд боловсруулж хэлэлцүүлсэн тул эдгээр үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар байр сууриа илэрхийлжээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, ард нийтийн санал асуулга явуулахад олон нийтэд тайлбарлан таниулахад ч, зохион байгуулахад ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон тул Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн болон Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэлийг сайтар нягтлан үзэх, хамгийн гол асуудал нь хууль зүйн зөрчилгүй, үндэслэлтэй байхад анхаарах, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хууль бол нийгмийн гэрээ гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төслийн хэлэлцүүлгийг дахин хийж, Үндсэн хуульд орхигдсон тусгах шаардлагатай зарим зохицуулалтыг нэмж тусгах боломжийг ашиглах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхийлөгч 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь тогтоолын хавсралтаар баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хүчингүй болгох, түүнчлэн сүүлийн 10 жилийн судалгаа, ажлыг бүхэлд нь зогсоох эрсдэлтэй байгааг анхаарах, иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа болон хуулийн зохицуулалтын хооронд зөрчил гаргахгүй байх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын агуулга, үйл явц олон нийтэд хууль зүйн эргэлзээ төрүүлэхээргүй, улс орны нийгэм, эдийн засагт саад дарамт учруулахааргүй, ирээдүйн Монгол Улсын сайн сайханд чиглэгдсэн байх үүднээс нийгийн зөвшилцлийг хангах нь зүйтэй талаар санал хэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлт өнөөдрийг хүртэл 19 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байгаа, түүнчлэн үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлж байсан төслүүд нэрний хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл” нэртэй байсан талаар, мөн ард нийтийн санал асуулга явуулах хугацааны талаар товч мэдээлэл хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна. 


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, уг асуудлыг олон улсын шаардлагад нь нийцүүлэн батлах шаардлагатай, үүнээс үүдэн ямар нэгэн эрсдэлд орохоос сэргийлэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуулийн төслийн нэр томьёон дээр анхаарах, ажлын хэсгийг байгуулж ажиллах шаардлагатай гэсэн саналыг гаргасан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.


Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан байна.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Усан замын тээврийн тухай хууль зөрчих, Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгажээ.


Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг багасгах, хэрэглэх албадлагын арга хэмжээг хасах талаар холбогдох байгууллагаас гаргасан саналд үндэслэн торгох шийтгэлийг хэмжээг багасгах, тусгай ангид заасан зарим албадлагын арга хэмжээг хасахаар тусгалаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тусгалаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, зөрчил шалгах зарим ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан нь давхардал, хийдлээс гадна салбарын хүрээнд тус хуулийг хэрэгжүүлж байгаа улсын байцаагчдын дунд ойлголтын зөрүү бий болох зэргээр бэрхшээл үүсгэж байгааг өөрчилж, нэгтгэн зохицуулсан гэлээ.

Тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахаар заасан баривчлах шийтгэл бүхий зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг хуульд шинээр нэмж зохицуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой тусгасан гэлээ.

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгажээ.


Хууль зүйн байнгын хороо 10 дугаар сарын 03-ны хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ынгишүүн Ш.Раднаасэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар, УИХ-ын гишүүн О.Батнасан гэмт хэргийн хохирол, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогын талаар асуулт асууж, хариулт авч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нар төсөлтэй холбогдуулан үг хэлсэн бөгөөд төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл