Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн  ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон.


Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна гэж байлаа.  


Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдлаа.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  танилцуулав. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар хариулт өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, нар санал хэлж дууссаны дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Цаашид ч Монгол Улсын үндэсний эрх ашгийг зөрчсөн асуудал бүхэнд хориг тавих болно. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг  өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж, чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай хийхээр төлөвлөсөн байгаагаа мэдэгдье” гэж онцоллоо.

Ингээд Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,2 хувь нь дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Их хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.


Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төсвийн байнгын хороонд шилжүүлэхдээ төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллын нэр томъёог өөрчлөх чиглэлийн дагуу ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөрчилсөн гэж Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал гэж нэр томъёог нь өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэж хариулж байлаа.

Ингээд УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн.

2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлсэн. Үргэлжлүүлэн 2018 оны төсвийг хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  хоёр төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Иймд үлдсэн хууль, тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй дэмжигдсэн 28, дэмжигдээгүй найман саналаар санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгиээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл