Судалгаанд оролцогчид зөвхөн Улсын Их Хурлын үйл ажиллагааг эергээр үнэлжээ

  2019-07-01 11:48  223

Нэг үе олны дунд тааруухан байсан Улсын Их Хурлын нэр хүнд сүүлийн үед өсөж байгааг судалгааны байгууллагуудын үнэлэлт дүгнэлт харуулсаар байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш хууль тогтоох байгууллагад итгэх олны итгэл өмнөх үеэс сэргэснийг хараат бус судалгааны “МЭК” байгууллага энэ 4 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотын оршин суугч 1070 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад тэдний дийлэнх нь хаврын ээлжит чуулган эхэлснээс хойших Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байдаг. Энэ нь өмнөх сарынхаас даруй 2.5-аас 3.5 пункт болж өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл судалгааны “МЭК” байгууллага 2019 оны 06 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахад судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 03 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа юм.  


Судалгааны зарим байгууллагын дүнгээс үзэхэд Улсын Их Хурлын нэр хүнд 2017 оны 9 дүгээр сараас хойш уруудсаар 2018 оны 1 дүгээр сар гэхэд 1.9 хувьд хүрээд байв. Харин 2019 оны 2 дугаар сараас эхлэн өсөж, мөн сард 2.6, харин 3 дугаар сард 2.9 хувь байсан бол энэ сарын судалгааны дүнгээр 3.8 хувьтай гарчээ. Энэ удаагийн судалгааны дүнгээс харахад Ерөнхийлөгч, Засгийн газар, улс төрийн намууд, хотын удирдлагуудын рейтинг өмнөхөөс буурч, ганцхан Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх үнэлгээ өссөн нь онцлог үзүүлэлт юм.

Нийгмийн хүлээлт, олон түмний шаардлагын дагуу Улсын Их Хурал оны эхэнд шинэ даргатай болж, улмаар нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох, олон түмний алдагдсан итгэлийг олж авах үүднээс хууль тогтоох байгууллага, түүний гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад анхаарч, зарим тодорхой шийдвэр гаргаад байгаа нь олны итгэл сэргэхэд дөхөм болжээ гэж үзэх талтай юм.

Түүнчлэн хаврын ээлжит чуулганы өмнөхөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Татварын багц хуулийг шинэчлэн баталсан нь бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд татварын таатай орчин бүрдүүлэх, татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, хүнд суртал, чирэгдлийг багасгахад чиглэсэн эрх зүйн боломжийг бүрдүүлж өгсөн. Эдгээр хууль нь зарим талаар маргаан шүүмжлэл дагуулж байгаа ч парламент гаргасан шийдвэрээ эргэн харж хуульд зарим зохицуулалт хийхээр болоод байгаа билээ.

Тиймээс энэ удаагийн судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн, үүний зэрэгцээ Татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар болсныг эергээр үнэлсэн талаар тус судалгааны байгууллага онцолсон байна.     

          

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус болон хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ шударга ёс, сахилга, хариуцлага, хуулийн засаглал гэсэн үгсийг байнга онцолж, хариуцлага, сахилгыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг цохон дурдаж байв. Улсын Их Хурлын хаврын чуулганы бүхий л үйл ажиллагаа энэ чиглэлд түлхүү чиглэж байгаа нь хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжуудаас харагдана. Мөн тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадахгүй бол ийм боломж дахин мөддөө олдохгүй гэдгийг ч удаа дараа хэлж байв.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 63 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхлээд байна. Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрх, засаглалын хяналт-тэнцлийг хангах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байгаа бөгөөд иргэдийн дийлэнх нь эдгээр асуудлыг ойлгон дэмжиж байгаа аж. Тухайлбал, МЭК-ийн судалгаанд оролцсон 712 иргэний 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.


Түүнчлэн олон нийтийн хүлээлт, нийгмийн хүсэмжид хариулт болгож, шударга ёсыг сэргээх үүднээс хууль шүүхийн байгууллагын удирдлагуудын томилгооны асуудлаарх эрх зүйн шинэ зохицуулалтыг парламент хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олны шүүмжлэлд өртөж, нийгэмд хүлээлт үүсгээд байсан хууль шүүхийн байгууллагын зарим удирдлага шинэчлэгдээд байгаа нь нийгэмд шударгас ёс тогтох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зөв үйлийн эхлэл гэж олон нийт харж, хүлээж байна.

Хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш олны сэтгэлд хүрэхүйц, нүдэнд харагдахуйц нэг зөв алхам нь Улсын Их Хурлын гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болсон явдал юм. Гишүүд хурууны хээгээрээ ирцэд орж, саналаа өгдөг болсноор хуралдааны ирц сайжирч, хурал цагтаа эхэлдэг болоод байгаа нь чухал ахиц дэвшил яах аргагүй мөн. Ингэснээр ирц бүрдэхгүйгээс хуралдаан хойшлох, хуралдаанд ирээгүй гишүүний картыг хийж ирц бүрдүүлдэг, гишүүд нэгнийхээ өмнөөс кноп дардаг явдал арилаад байгаа билээ.


  2019-07-01 14:31  223