Цэс

Холбоо барих

ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.29) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хийж, төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан талаар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.


Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байхаар зохицуулсан нь учир дутагдалтай байна. Тиймээс нэгэнт намын бүлэг байгуулагдсан бол ажлын албаны ажилтны тооны доод хязгаарыг хуулиар зааж өгвөл бүлэг ажиллах нөхцөл боломжоор бодитоор хангагдаж, бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцааг бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Ганбат нар төслийн 1 дүгээр зүйлийн  “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн тэгш тооноос тооцно” гэснийг “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл