Томъёоллын Ажлын дэд хэсэг хуралдлаа

  2019-06-29 18:38  301

    Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.29) хуралдаж байна. 

    Томъёоллын Ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм. 

    Тус Ажлын дэд хэсгийн гишүүд дээрх дөрвөн дэд Ажлын хэсгийн хуралдаан бүрд оролцож, томъёоллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаж байв. 


    Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгүүд өнөөдөр хуралдсан. Ажлын дэд хэсэг бүр тус тусын саналуудаа нэгтэн, Томъёоллын Ажлын дэд хэсэгт ирүүлсэн юм. 

    Ажлын дэд хэсгүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг Томъёоллын Ажлын дэд хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томъёо, үг үсэг, найруулгад нийцүүлэхээр хянаж, жигдлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.


    Томъёоллын Ажлын дэд хэсэг дүгнэлтээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах Ажлын дэд хэсэгт хүргүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2019-06-29 18:33  301