Цэс

Холбоо барих

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23) 09 цаг 40 минутад эхэлж, тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөө болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээллийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь муу зээл, хүү, алданги зэрэг асуудлаас улбаалж 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гарсан судалгааг Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан. Иймд эх үүсвэрийг судлах, мониторинг хийх зорилгоор Дэд хорооны гишүүд газар дээр нь ажиллах асуудлыг ирэх оны төлөвлөгөөнд нэмж оруулах тухай санал хэлэв.

Дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд болон бусад гишүүдээс гарсан саналыг анхааралдаа авах, аж ахуйн нэгж, компани болон ЖДҮ-ийг дэмжих холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах саналыг хэлсэн. 

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөг батлах горимын санал тус Дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Дараа нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонслоо. Мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хийж, тус газрын эрх зүйн орчин; санхүү, хөрөнгө оруулалтын бодлого; Ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулсны дараа цаашид авах арга хэмжээ болон саналаа танилцуулав. Үүнд, Урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, үйл ажиллагаа нь доголдсон, зогссон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлтэй бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгох, зээлийн хүүг жилийн 12 хүртэл хувь бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай, үйл ажиллагаагаа өртгөтгөх зорилгоор импортолж буй тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортолдог жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх нэг цонхны үйлчилгээг нөхцөл бололцоо, барилга байгууламжаар хангах, мөн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байрны урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий ипотекийн зээлд хамруулах зэрэг саналуудыг танилцуулав.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох санхүүжилтийн журмыг боловсронгуй болгох тухай санал хэлж, орон нутаг дахь ЖДҮ-үүдэд олгосон санхүүжилтийн талаар тодруулав. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрүүдээс 800 гаруй төсөлд 78,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэнээс 12,9 тэрбум төгрөгийг 158 төсөлд олгосон, энэ нь зээлийн эргэн төлөлтийн найдвартай байдал, судалгаа зэрэг асуудалтай холбоотой гэсэн тайлбар хийв.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлэв. Тухайлбал, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх санал хэлж, цаашид төлөвлөсөн ажилдаа нухацтай анхаарч ажиллах нь чухал гэснээр Дэд хорооны хурал өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл