Цэс

Холбоо барих

Д.Тэрбишдагва: Германд төгсөгчдийн “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” чуулга уулзалт зохион байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2017.03.14/ Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХБНГУ-д суралцсан төгсөгчдийн төлөөлөл болон “Монгол Германы гүүр” төрийн бус байгууллагынхан байлцсан юм.


Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва эхлээд ХБНГУ-ын Бундестагийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд ирсэн талаараа мэдээллээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Б.Ундармаа, Д.Цогтбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд багтжээ. Монголын парламентын төлөөлөгчдийг Германы Бундестаг өндөр хэмжээнд хүлээн авч, Монгол Улс, ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдал, парламент хоорондын харилцааны чиглэлээр яриа хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Монгол Улсын гадаад хамтын ажиллагааны талаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, цаашид эдийн засаг, боловсролын чиглэлд хамтран ажиллах хэлцлүүд амжилттай болсон байна.

Мөн Германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй уулзаж, дугуй ширээний ярилцлага хийжээ.

Айлчлалын үеэр Бундестагийн танхимд Канцлер Ангела Меркель манай улсын төлөөлөгчидтэй мэндчилсэн  болон 430 хүн оролцсон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулганд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг хүссэн талаараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ярив.

Тэрбээр мөн, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн 1000 төгсөгчийг хамруулан “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс”  чуулган хийх санаачилга гаргаж, Төрийн ордны их танхимд энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах  болсон талаар мэдээлсэн юм.

Манай улсад Германд сургууль төгссөн нийт 35000 хүн байдаг бөгөөд эдгээр хүмүүс эдийн засгийн хүнд үед улс орондоо ямар үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулах талаараа чуулга уулзалтаар ярилцаж, цаашид “Ажилсаг монгол-Хөгжлийн үндэс” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Энэхүү чуулганд ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел тэргүүтэй 30 орчим төлөөлөгч ирж оролцох бөгөөд төлөөлөгчдийг чуулганд оролцох хоёр цагийн хугацаанд бүх илтгэл, асуулт, хариултыг герман хэл дээр явуулахаар төлөвлөжээ.

Чуулганд оролцох хүсэлтэй, Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн үе үеийн төгсөгчдийг “Монгол-Германы гүүр” төрийн бус байгууллагатай 315990 утсаар холбогдон бүртгүүлж, арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж буйгаа зохион байгуулагчид илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл