Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.02) хуралдаан  15 цаг 21 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Ц.Нямдорж нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлээр болов.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

 Гэрээний төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа.   

Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд  хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн 95 хувийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.

Гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан Х.Баделхан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг дэмжиж байгаа ч, зарим зүйлийг Сангийн яамныханд онцгойлон анхааруулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Баделхан нар “Зээлийн төсөлд мах боловсруулах 12 үйлдвэр барихаар тусгасан нь тооны хувьд их байна. Нөгөөтэйгүүр, хуучин тоног төхөөрөмжтэй, хоосон үйлдвэрүүдтэй үлдэхгүйн тулд Сангийн яам төсөлд тусгагдсан төсөл бүрийг эргэн харах шаардлагатай” гэдгийг анхааруулав. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Улаан, О.Батнасан нар “Эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудлыг сүүлийн 20 жил ярьж байна. Хойд хөрштэйгөө сайн тохирох хэрэгтэй. Хойд хөршөөтэйгөө тохироогүй төслийг урд хөршийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Түүнчлэн тодорхойгүй төслийг санхүүжилнэ гэж ярихын оронд зээлээ өөр бодитой төсөлд зарцуулах шаардлагатай” гэсэн саналуудыг хэлж байв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Энэ удаагийн зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гол асуудал нь зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн 95 хувийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсоны дагуу хийж байгаа. Иймд   дараа нь зээлийн төсөлд тусгагдсан төслүүдийг эргэн харж, ярилцана” гэсэн бол Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-тай уулзалт, хэлэлцээр хийж байгаа. Өнөөдрийн хувьд хоёр улсын эрдэмтэн судлаачдын баг Эгийн голын усан цахилгаан станцыг барихад Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд судлагаа хийхээр тохирсон” хэмээн нэмж тайлбарлав.

Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг зөвшилцөн хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Иймд Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Үүний дараа Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.


Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.

Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхтэй хамтран ажиллаж байна. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна” гэдгийг онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувьд зээлийн зарцуулалтад тодорхой тайлбар өгөхийг хүсэв. Ажлын хэсгийн зүгээс, “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж  байгаа зээлийг 2017, 2018 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна” гэж хариуллаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороонд хүргүүлэхээр болов.

“Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.  

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.

Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхитэй хамтран ажиллаж байна. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.  

Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан асуулт асууж, хариулт авлаа. Ингээд уг зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын  байнгын хороонд хүргүүлэхээр болов.

УИХ-ын тогтоолын дэд заалтыг хүчингүй болгохыг дэмжив

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн үндэслэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр  тогтоолын 1.11 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж тусгагджээ.

Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Батнасан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

 Монгол Улсын  Их Хурлын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9 хувь нь дэмжив. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.       

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл