Цэс

Холбоо барих

ХЗБХ: Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дуусгахад техник, хэрэгсэл шаардлагатай

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 15 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 


    Хуралдаанаар эхлээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцуулсан. УИХ-ын 05 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ажлын хэсэг төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн байна. Мөн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу  хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл үүссэн гэж ажлын хэсгээс үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлд нотариатч ажиллаагүй сумын Засаг даргын Тамгын газар эсхүл тус Тамгын газрын хуулийн мэргэжилтэн нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх болсонтой холбоотойгоор үүрэг гүйцэтгэгч Засаг даргын Тамгын газрын тамгыг хэрэглэхгүй, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах саналыг тус тус гаргасан байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав. Ингээд төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


    Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Ирэх 2020 онд хууль зүй, дотоод хэргийн салбарын хүрээнд цагдаагийн байгууллагын хэт богино долгионы радиа холбоог шинэчилж, мэдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, цагдаагийн байгууллагын авто паркын шинэчлэл, хилийн салбарын парк шинэчлэл хийх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн архивуудын баримтыг цахим хэлбэрт шижлүүлэх зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа аж. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас ихгүй байх үр дүн гарна гэж тооцсон байна. Яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээнүүдийн саналыг Үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав. Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор энэ оны 10 дугаар сард төрийн цахим шилжилтийг хийгдэж дуусах үүргийг өгсөн ч Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ төрлийн техник, технологийн бололцоо бий эсэхийг тодруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 330 сум, нийслэлийн 152 хороо, 9 дүүрэг, 4 төв дээр эх нотлох баримтад тулгуурлан улсын бүртгэлийн 81, лавлагааны 36 төрлийн үйлчилгээг тус тус үзүүлдэг байна.  2010 оноос эхлэн тус байгууллага эх нотлох баримтуудыг цахимжуулж эхэлсэн нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өгөв. Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой 110 сая хуудас материалыг цахимжуулаад 100 терабайт бүхий мэдээллийн сан бүрдсэн байна. Шинээр хэрэгжиж буй хуулиар тус байгууллага иргэн, хуулийн этгээдээс гадна цахим шилжилттэй холбоотойгоор төрийн 80 гаруй байгууллагад үйлчилгээ үзүүлэх болсон гэв. 2018 оны 06 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 30 сум онлайн сүлжээнд холбогдсон байсан бол өнөөдрийн байдлаар нэмж 39 сум, хороог холбоод байгаа аж. Энэ онд багтаан 120 сумыг нэмж онлайн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ийнхүү 200 орчим сум, хороодыг онлайн сүлжээгээр холбон үйл ажиллагаа явуулахад компьютер, техник хэрэгслийн хүртээмж дутагдалтай гэдгийг Б.Баасандорж дарга хэлсэн. Тус байгууллагад 2011 онд техник хэрэгслийн шинэчлэл хийгдсэн, 4 жил тутам шинэчлэх ёстой технкийн шаардлага бүхий уг төхөөрөмжүүдийг өнөөдөр ч ашигласаар байгаа юм байна. Гадны орнуудын туршлагаар улсын бүртгэлийн байгууллага мэдээллийн сангаа өдөр тутмын хэрэглээ, онцгой үед ашиглах, хадгалах гэсэн зорилгоор гурав хувилан хадгалдаг байна. 


    Хуралдааны үеэр гишүүд Гадаадын иргэн, харъяатын газрын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тусгагдсан арга хэмжээ, цагдаагийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх бололцоо бий эсэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын барилга, байгууламжийн талаар, хилийн заставуудын барилга байгууламжийн нөхцөл байдал болон Хөвсгөл аймгийн Ханх боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар тодруулж Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авлаа. Үргэлжлүүлэн төслийн зарим зүйл, заалтад найруулгын өөрчлөлт оруулахтай холбоотой санал, хуралдааны явцад УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. 

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр харилцаа, холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх асуудлаар УИХ-ын зарим гишүүнээс гаргасан саналын дагуу УИХ-ын дарга төслийн холбогдох заалтыг нягтлан, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл өгсөн байна. Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд үйлчлэгч шуудангийн илгээмж тээвэрлэгчийн үйл ажиллагааг зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэл, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих гэж, мөн шуудангийн үйлчлэгчийн үүргийг тусгахдаа Засгийн газрын тусгай сангийн хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэж, төслийн 4 дүгээр зүйлд шуудангаар илгээхийг хориглох зүйлийг тус тус тусгасан ч дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар Зөрчлийн тухай хуульд тусгагдаагүй байна ажээ. Иймд дээрх төслүүд дэх зөрчлийг арилгуулахаар Хууль зүйн байнгын хороогоор дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг дэмжив. Дараа нь Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл