Цэс

Холбоо барих

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2017.04.11/ 15 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн МонголУлсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийндаатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.


ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн орлогын уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан зарим төрлийн татварыг нэмэх, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах бодлогын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Тухайлбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх; автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх; суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх; хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох; хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх; нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасныг онцоллоо

Түүнчлэн төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан. УИХ-аас баталсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр", Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргаж байгаа бодлогын шийдвэрүүд, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" зэрэг бодлогын баримт бичиг, шийдвэрүүд нь харилцан уялдаатай, цогцоор хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт тулгарч байгаа хүндрэлтэй байдлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгааг Сангийн сайд онцлов.


Дараа нь Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав нар байгууллагынхаа төсөв санхүүгийн нөхцөл байдал, 2017 оны төсвийн тодотголын талаар Байнгын хорооны гишүүдэд товч танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын хийсэн тайлбар, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон ажллын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Дараа нь төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр, Л.Болд, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Төсвийн байнгын хороонд хүргүүлж танилцуулахаар тогтлоо.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


2016 оны 9 дүгээр сард шинэчлэн батлагдсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаагчдад олгох тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэх, бэлтгэл, чөлөөнд байгаа цэргийн дээд офицеруудад сар бүр цолны цалин олгох, гадаад, дотоодын цэргийн сургуульд суралцаж байгаа оюутнуудад цалин хөлс олгох, цэргийн алба хаагчдын байрны түрээсийн зардлын зарим хэсгийг улсаас санхүүжүүлэх зэрэг төсөвт их хэмжээний зардал нэмэгдүүлэх үр дагавартай цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой заалтууд нэмэгдсэн. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 2017 онд нийт 52.4 тэрбум төгрөг, 2018-2021 онуудад жил бүр 77.7 тэрбум төгрөг нэмж шаардагдахаар байгаа аж. Эдгээр үндэслэл, шаардлагыг харгалзан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хуулийн давхардал бүхий зарим заалтуудыг хүчингүй болгох шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.

Түүнчлэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд офицер, ахлагч, гэрээт алба хаагчид жил бүр ажлын 18 өдөр амрахаар заасныг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн 15 өдөр болгож өөрчлөх, гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацаанд цалин хөлс олгохоор тогтоосныг сургалтын тэтгэлэг олгох, суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газраас батлахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон тус яамны ажлын хэсэг, мөн хуралдаанд оролцсон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд улс орны эдийн засаг хямралтай, нөхцөл байдал амаргүй байгаа  хэдий ч улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг дордуулсан төсөл оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж, заавал хуулийг өөрчлөхгүйгээр төсөв мөнгө хэмнэх өөр боломж, арга замыг эрж хайх хэрэгтэйг санал болгож байлаа.


Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, ОУВС-тай хийсэн яриа хэлэлцээний явцад нийгмийн халамжийг тэлсэн, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн шинэ хуулиудын зохицуулалтыг эргэж харж 2016 оны 8 дугаар сарын 5-наас өмнөх эрх зүйн байдалд нь буцааж аваачих шаардлагыг тавьсан, хуулийн төсөл дэмжигдэж байж манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана, төсөл дэмжигдэхгүй бол хөтөлбөр зогсоход хүрнэ. Иймээс эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа тул Байнгын хорооны гишүүд асуудлыг ойлгож, хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсч байна гэлээ. Мөн улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед хуулийн заалтыг буцааагаад хэрэгжүүлэх боломж нээлттэй, мөн хөтөлбөрийг тохирч хэрэгжүүлж эхэлсний дараа Байнгын хорооны дарга, салбарын сайд нар ОУВС-гийнхантай уулзаж ярилцан цаашдын шийдлээ олох шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Ингээд хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг зөвшилцлөө

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулсан юм.

2009 онд болсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ ойн салбарт хуримтлуулсан туршлага, дэвшилтэт технологийг бусад улс орнуудтай хуваалцах үүднээс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах санал дэвшүүлжээ. Уг саналын дагуу 2009-2011 он хүртэлх хугацаанд Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болон БНСУ-ын Ойн газраас бүрдсэн ажлын хэсэг 5 удаа хуралдаж, “Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо ба БНСУ-ын хооронд ойн салбарт хамтран ажиллах гэрээ”-г эцэслэн тохиролцжээ. Харин Индонезийн Бали аралд зохиогдсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо болон БНСУ-ын хамтарсан 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр уг гэрээнд гарын үсэг зурж, 2012 оны 8 дугаар сарын 5-нд гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Улмаар уг гэрээний дагуу БНСУ-ын нийслэл Сөүл хотод Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулагджээ.

БНСУ нь дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийг сааруулахад Азийн орнуудын ойн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага”-ыг үүсгэн байгуулах санал санаачлагыг гаргаж, 2013 оны 12 дугаар сард манай улс болон Казахстан, Бутан зэрэг улсад ирүүлсэн байна. Манай улс ч урилгыг хүлээн авч дээрх байгууллагуудаас зохион байгуулсан удаа дараагийн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Гадаад харилцааны яамны төлөөллүүдийг оролцуулж байсан аж.

Иймээс Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас Монгол Улс “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл