Цэс

Холбоо барих

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэртэй уулзав

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.05.16) ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэртэй уулзаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ноён Тим Дэ Мэйэрийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд удахгүй өргөн баригдах гэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар товч ярив.

Тэрбээр, 7 жилийн хугацаанд дөрвөн Засгийн газрыг дамнан хэлэлцэгдэж байж бэлэн болсон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Нийгмийн зөвшилцлийн хүрээнд уг хуулийг батална. Олон жилийн хугацаанд танай байгууллагын зүгээс бодлогын зөвлөмж өгч байсан. Үүний ачаар бид хуулиа их чамбай боловсруулсан гэж бодож байна гэлээ.

Цаашдаа хуулийг хэлэлцэх явцад үргэлжлүүлэн зөвлөмж өгч ажиллана гэдэгт найдаж буйгаа Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан илэрхийлэв.

Ноён Тим Дэ Мэйэр “Бусад улс орнуудын сайн туршлагыг шинэ хуулиндаа тусгаж өгсөн нь сайн хэрэг. Бидний зүгээс идэвхтэй дэмжинэ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс гадна нийгэмд хэрэгтэй бусад хуулиудыг боловсруулахад зөвлөмж өгөхөд бэлэн байна” хэмээн хариулав.

Төгсгөлд нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл