Цэс

Холбоо барих

“Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус хурал “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр энэ сарын 27-28-ны өдрүүдэд боллоо.


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тус хуралд оролцогчдод мэндчилгээ илгээсэн юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд холбогдох төрийн байгууллага, яам, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн бус байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид, мөн ОХУ, БНСУ, ХБНГУ, Австрали, Буриад зэрэг улсын эрдэмтэн, судлаач, хүндэт зочин, төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа нь хурлын цар хүрээг илтгэж буйг мэндчилгээнд дурдаад эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх, хоорондоо мэдээлэл солилцох оюуны талбар болно хэмээн онцолжээ. Түүнчлэн “Энэхүү хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, түүний шинэчлэлт, хэрэгжилтийн талаар эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, санал, дүгнэлтийг хэлэлцүүлж, тэднийг судалгааны эргэлтэд оруулах, үүнд үндэслэн хууль сахиулах практик үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос цаашид холбогдох хуулийн төслийн талаар судалгаа, дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шинжилгээ хийх, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагааны хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


“Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны ойлголт, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалт, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хууль сахиулахуйн боловсрол, инноваци, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэсэн гадаад, дотоодын туршлага зэрэг онол, практикийн асуудлыг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, практик ажилтнууд хэлэлцэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг судалгааны эргэлтэд оруулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж гаргасан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл