Цэс

Холбоо барих

Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон баталлаа


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хуульд өөрчлөлт оруулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтын зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5 дахь заалтад заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооноос боловсруулсан хуулийн төсөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авна гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэх үүднээс уг заалтыг хүчингүй болгох, мөн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “67.1.5” дахь заалтыг эшлэснийг хасахаар тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуульд оруулах өөрчлөлтийг дэмжжээ. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн зарим заалт цэцийн босгыг давахгүй байх тохиолдол олонтаа гарч байгаа тул шинээр батлагдаж буй хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс бусад орны жишгийн дагуу Хууль зүйн байнгын хорооны бүтцэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ж.Батзандан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусганы дагуу Шүүхийн тухай, шүүхийн захиргааны байгууллагын болон шүүгч нарын эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч, сайдын өгсөн чиглэлийн дагуу төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Хуульд заасны дагуу холбогдох судалгаа тооцоог хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн Засгийн газраас санал авсны үндсэн дээр эдгээр багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд бололцооны хэрээр үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Банкны өр төлбөрийн тухайд ямар хөрөнгөнөөс тухайн өр төлбөрийг гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөх нь чухал байна. Үүнийг тодорхой зааж өгөөгүйгээс болоод өр барагдуулахад хүндрэл үүсэх, цаг хугацаа алдах тал гардаг гэсэн хариулт өгөв.

Ингээд Байнгын хорооны саналын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ.

Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай гурван талт хэлэлцээрийг соёрхон баталлаа

Дараа нь Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.


Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан бөгөөд талууд дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлахаар заасан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нэгдсэн хуралдаанд танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 02ы өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр олон улсын автотээвэрлэлтийн AH3 чиглэлийг Казакстан, Киргиз улсыг дамжуулан цаашид өргөжүүлэхээр ажиллаж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хэлэлцээрээр тохирсон чиглэлийн замыг барих ажлыг хэзээнээс эхлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийн нөгөө талууд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмын ямар шатанд байгаа, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай улсын эдийн засагт ямар эерэг үр дүн гарах, дотоодын тээвэрлэгч нарт хэлэлцээрийг танилцуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийх талаар ямар ажил хийж байгаа талаар тус тус асууж, хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.  

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улан-Үд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны 09 дүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийгдэж, манай улсын дугаартай манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн. Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Энэ хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр ачааг анхны цэгээс эцсийн цэг хүртэл саадгүй, аливаа хяналт шалгалтгүй, шуурхай хүргэдэг болох юм гэлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд дамжин өнгөрөх тээврийн татвар, тарифийн хөнгөлөлтийн асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьж байгаа. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Талууд хэлэлцээрийг соёрхон баталсны дараа тээвэрлэлтийг гүйцэтгэх хамтарсан хороо байгуулагдах юм.  

Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа. Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байна. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэлэлцээр соёрхон батлагдаж хэрэгжсэнээр манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэнэ, мөн 200 орчим жолооч байнгын ажлын байртай, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3000-4000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийгдсэн. Түүнчлэн Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн олон улсын авто замын АН4 чиглэлээр дотоодын бараа, түүхий эдийг тээвэрлэхэд Цагааннуурын чөлөөт бүс чухал үүрэгтэй гэж үзэж, бэлтгэл ажлыг хангахад анхаарч байгаа гэдгийг хэллээ.

Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх, авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хаврын чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.


Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,  улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан, түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр  ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл