Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцлоо

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр (2017.11.19) буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаяр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Жудо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр ийнхүү Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан 11 дэх хүн болов. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нь 2008 онд Зуны олимпын 29 дүгээр наадмын алт, 2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг тус тус хүртэж байсан.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, жудо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр нар үг хэлсэн юм.


Ёслолын арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Н.Түвшинбаярт баяр хүргэж, амжилт хүслээ.


Эзэн богд Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн баяр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл