Хяналт шалгалтын хэлтэс

  2022-03-20 15:36  92

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд шинэчлэн найруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нийцүүлэн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүргийг 2020 онд шинэчлэн баталсан билээ. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 560 дугаар захирамжаар Хяналт шалгалт, үнэлгээний газрын харьяанд Хяналт шалгалтын хэлтэс байгуулагдсан юм.

Тус хэлтэс нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дагаврын үнэлгээ хийх чиг үүрэг бүхий Хяналт шинжилгээ, үнэлгээний албатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтын хэлтсийн бүтцэд Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба ажилладаг.

Үндсэн чиг үүрэг

Хяналт шалгалтын хэлтэс нь Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн чиглэл, батлагдсан цаглаварын дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултын хариуг нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба нь УИХ, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн байдалд болон УИХ-аас Засгийн газар, холбогдох бусад байгууллагад өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, гарсан санал дүгнэлт, танилцуулга, зөвлөмжийг холбогдох Байнгын хороонд танилцуулах чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг.


  2022-04-21 12:20  92