Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-12-15 15:12 Уншсан: 141

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр (2017.12.15) Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайдаар томилох асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол зохион байгуулав.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонсголын эхэнд “Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой ноцтой асуудлаар иргэдээс арав орчим өргөдөл ирүүлсэн бөгөөд өнөөдрийн сонсголд найман өргөдлийн дагуу өргөдөл гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тайлбар, мэдээлэл өгөхөөр ирсэн байна” гэдгийг танилцуулав.


               Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн нэр дэвшигч Б.Хурцтай холбоотой асуудлын талаар өргөдөл, гомдол ирүүлсэн иргэд болон тэдний өмгөөлөгч, гэр бүлийн төлөөллүүд оролцон тайлбар өгч, мэдээлэл өгөв.

              Нээлттэй сонсголын төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сонсголд оролцсон иргэд, албан тушаалтнууд, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага,  иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, өргөдлийнхөө дагуу ирж танилцуулга, тайлбар хийсэн иргэдэд талархал илэрхийлээд нээлттэй сонсголоос гаргасан санал, дүгнэлтийг холбогдох мэдээллийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-12-15 15:12

Хуралдааны тов