Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар өнөөдөр /2018.03.02/ хэвлэлийн бага хурал зарлан, Байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдлаа гэж мэдээллийнхээ эхэнд хэлсэн.

Тус Байнгын хороо санал, дүгнэлт 14, танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдол, 50 албан бичгийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгчээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол батлуулсан байна. Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа хэмээн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мэдээлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас өргөн мэдүүлсэн Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар товч мэдээлсэн.

Байнгын хорооны тогтоолоор нийт хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 8 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж, Засгийн газарт ажлын хэсгээс гарсан зөвлөмжийг хүргүүлжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хороотой хамтран байгуулж, ажлын хэсгийн тайланг Хууль зүй болон тус Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэн, холбогдох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Нийслэлд хүүхдийн цэцэрлэггүй 25 хороо байгаа бөгөөд 2017-2019 онд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа мэдээлэлдээ дурдсан.

УИХ-ын гишүүн Н.Учрал, шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаад байна гэлээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг таван чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдээр дамжуулан залуусын гарааны бизнесийг дэмжих, бойжуулах ажил давхар явагдана гэдгийг тэрбээр онцолсон. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүйн 21 бичиг баримт боловсруулагдан гарах бөгөөд 15-34 насны залуусыг дэмжих хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, энэ онд хүүхэд, багачууд руу чиглэсэн, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлыг шийдэх төсвийг УИХ-аар баталсан гэдгийг онцолсон. Тэрбээр, 2018 оны төсөвт 73.5 тэрбум төгрөгийг суулгасан гээд энэ мөнгөөр 86 цэцэрлэг, 29 сургууль шинээр барьж, олон тооны сургууль, цэцэрлэгийг өргөтгөнө гэж хэлсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг байдал үгүй болох бөгөөд хэдийгээр сургууль, цэцэрлэг шинээр барих ажилд газар олголттой холбоотой асуудал үүсч байгаа ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, төлөвлөсөн ажлыг саадгүй явуулахын төлөө анхааран ажиллах болно хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулга шинээр батлагдсан Донорын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.


Шинэ хуульд зааснаар Үүдэл эсийн үндэсний банк байгуулах бөгөөд энэхүү банк байгуулагдсанаар цусны хавдар, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болох аж.

Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хоригложээ. Ингэснээр донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлэх юм байна.

Эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах алба байгуулахаар хуульчилсан бөгөөд энэ алба өчигдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлсэн.

Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтнийг авах бөгөөд хууль заасны дагуу зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэх аж. Харин амьд донор 25 насанд хүрсэн байх ёстой гэж заажээ. Гэхдээ хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авч болох бөгөөд 14 хүртэлх настай бол эцэг, эх, болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн ясны хэм, чөмөг нь эргэн төлждөг тул авч болохоор заасан бөгөөд 25 нас хүрээгүй иргэнээс эс, эд, эрхтэн авахгүй байхаар хуульчилсан гэдгийг тэрбээр онцолсон юм.

Ийнхүү гишүүд мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл