Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа

  2019-12-20 13:37  375

            УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орох тухай  хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.12.20) өргөн барилаа.

            Европын холбооноос татварын ил тод байдал, мэдээлэл солилцоо, улс орнуудын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсын Татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин сул гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан.

            Энэхүү жагсаалтаас гарах, татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д 2018 оны 01 дүгээр сард албан ёсны гишүүнээр манай улс элсэн орсон байна.

        


    Мөн дотоодын татварын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлсэн тул Европын холбооны өмнө хүлээсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзуулэх тухай конвенц””-од 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Иймд Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалтын дагуу тус конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

            Энэхүү конвенцид нэгдэн орсноор Европын холбооны өмнө хүлээсэн бүхий л үүргээ биелүүлэх бөгөөд татварын зорилгоор бусад улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох, хамтран ажиллах, захиргааны туслалцаа харилцан үзүүлэх эрх зүйн орчин бүрдэх аж.

            “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц” нь  нийт 6 бүлэг 32 заалтаас бүрдэх бөгөөд 3 төрлөөр захиргааны туслалцаа үзүүлэхээр тусгажээ.    Тухайлбал, татвар ногдуулах, хураах нэхэмжилсэн татварын өр барагдуулах болон албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарах мэдээллүүдийг тус конвенцын 130 гишүүн улстай хүсэлтийн дагуу, эсвэл сайн дурын үндсэн дээр харилцан солилцох боломж бүрдэнэ. Мөн конвенцын гишүүн улс орнууд өөр өөрийн дотоодын хууль тогтоомжийн дагуу үүссэн татварын өрийг барагдуулах, өр барагдуулахтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг битүүмжлэхэд бусад гишүүн орноос туслалцаа хүсэж болно. Түүнчлэн конвенцын гишүүн улс орнуудын татвар төлөгчид хаягласан албан ёсны баримт бичгийг бусад гишүүн улс орнуудад хүргүүлэх, гардуулахад тусламж үзүүлэх боломж бүрдсэнээрээ ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.   


  2019-12-21 13:37  375