Цэс

Холбоо барих

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Засгийн газраас энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.


Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж Байнгын хорооноос үзсэн тул Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, мөн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд нотариатын үйлчилгээ хамаарахгүй байхаар тусгасантай холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт нотариатын үйлчилгээг албан татвараас чөлөөлөх заалтыг нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, А.Ундраа, Л.Мөнхбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Ингээд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувийн саналаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн гишүүдийн 69.3-74.4 хувь нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд болон Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.


Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14 дүгээр тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энхболд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, хамт өргөн баригдсан  хуулийн төслийн талаар 1 санал гаргасныг нэг бүрчлэн хэлэлцэж санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх тухай заалт нэмэх; хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн этгээд зохион байгуулахад хэтэрхий ерөнхий байдлаар тусгасан, хуулийг хэрэгжүүлэх шатанд хоёрдмол утга санаагаар ойлгогдож болзошгүй байсан заалтуудыг хассан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, тэдгээрийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн" гэж өөрчлөн найруулахаар болов.


Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино” гэж өөрчлөн найруулах, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт, 5.2 дахь хэсгийг нэгтгэн “Төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох” гэж  өөрчлөн найруулж 5.1.12 дахь заалт болгохоор тогтов. Түүнчлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг “хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх” гэсэн агуулгатай 7.2.10 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажпыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг 2 жил тутамд, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг 3 жил тутамд улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна” гэж өөрчлөн найруулах, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хүмүүст зориулсан ажлын байр бий болгоход, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулж 30.4 дэх хэсэг болгохоор тогтлоо. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хийжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва нар төрөөс өрсөлдөөнт шалгаруулалт зарлахдаа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх байршил, эх үүсгүүрийн төрөл, хүчин чадал, жилд худалдаж авах эрчим хүчний хэмжээг урьдчилан тодорхойлж, тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг төслөө хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс шаардлагатай нөхцөл боломжоор хангасан байх гэсэн саналуудыг гаргаж, саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар Байнгын хороо, төсөл санаачлагч гишүүд болон салбарын сайд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Энэ хуулийн төсөл нь манай улсад өндөр өртөгтэй байгаа сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дэлхий нийтийн жишгийн дагуу өрсөлдөөний зарчмаар бууруулах асуудлыг өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн хуульчилж зохицуулахад чиглэж байгаа аж.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл