УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Даниэла Гашпариковаг хүлээн авч уулзав

  2019-03-21 13:39  368

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2019.03.21) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга, хатагтай Даниэла Гашпариковаг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Даниэла Гашпарикова цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд Монгол Улсад ажилласан гурван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч танилцууллаа.

Тэрбээр, “Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгасан талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсонд талархалтай байна” гээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан парламент болон түүний Тамгын газрын хамт олонд ажлын амжилт хүсэв.

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хатагтай Даниэла Гашпариковаг идэвх санаачилгатай ажиллаж байсныг онцлоод цаашдын ажилд нь амжилт хүсэв. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга, хатагтай Даниэла Гашпариковаг Бүгд Найрамдах Монтенегро Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдож байгаа аж гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-03-21 12:15  368