Цэс

Холбоо барих

Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форсттой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь өнөөдөр /2019.05.01/ НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форсттой уулзлаа.


Тусгай илтгэгч Мишель Форст хүний эрхийг хамгаалагчийн асуудлыг хариуцдаг бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 13-ны өдрүүдэд манай улсад ажиллах юм байна. Айлчлалынхаа өдрүүдэд Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг тойрсон асуудал, хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байгаа талаар судалж танилцан, түүндээ үндэслэсэн зөвлөмжийг гаргах бөгөөд уг зөвлөмжийг 2020 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах талаараа тусгай илтгэгч Мишель Форст уулзалтын эхэнд тэмдэглэв.


Хүний эрхийг хамгаалагч гэж хүний үндсэн эрх чөлөөнд учирсан аливаа зөрчлийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, бүлэг, байгууллага, шүгэл үлээгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь иргэний нийгмийнхэн байдаг гэдгийг ноён Мишель Форст тэмдэглээд хүний эрхийг хамгаалагчийн асуудалд парламент хэрхэн анхаардгийг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хариуд нь Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг олон жил ярьсан ч батлаагүй талаар дурьдаад, одоогоор Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд тусдаа бүлэг заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулах чиглэлтэй байгаа талаар мэдээлэл өгөв.


Уулзалтаар, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн олон улсын  туршлага болон хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг  хүндрэл бэрхшээл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон.

Энэ үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, Монгол Улсад, ялангуяа УИХ-аас хүний эрхийг хамгаалагчийн, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, хумих гэсэн оролдлого хийдэггүй гэдгийг онцлоод хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын талаар мэдээлэл өгөв.

Мөн УИХ-аас баталсан хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай холбоотой сэдвээр талууд санал солилцлоо.  

Төгсгөлд нь, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай тусгай илтгэгчтэй  бүх талаар нээлттэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн мэргэжилтэн Тубо Гюлле байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл