Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

  2017-02-07 19:54  837

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 11 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Ажлын хэсэг хуралдаанаараа эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргаа, удирдлага, ажилтан, үйлчилгээний аюулгүй байдал, харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр төсөлд тусгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд догшин, хэрцгий авирласан тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан журмын дагуу номхотгох арга хэмжээг хэрэглэж болохоор заасан байсныг төслөөс хасах зэрэг ажлын дэд хэсгээс төслийн зарим зүйл, заалтын талаарх зарчмын зөрүүтэй санал ирүүлснийг хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт, саналтай гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсаныг гишүүд дэмжлээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

Мөн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж хийсэн юм.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг төсөлд тусгасны зэрэгцээ Улсын Их Хурлын удирдлагаас өгсөн чиглэлийг анхаарч тусгаснаа танилцуулгадаа дурдав. Ийнхүү гадаадын их дээд сургуульд суралцаж буй сонсогчийн хувцасны зардал болон ирэх, очих зардлын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зүйл нэмэх, цагдаагийн генерал цол бий болж буйтай холбоотойгоор дүрэмт хувцасны загварыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч баталж байх зэрэг Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, цагдаагийн байгууллагын ажилтнууд маш хүнд нөхцөлд албан үүргээ гүйцэтгэдэг онцлогтойг тайлбарлаад, төсөлд тусгасан албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан тохиолдолд цагдаагийн алба хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалтыг хасах саналыг танилцуулсан юм. Харин уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Ингээд Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилт бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. Үргэлжлүүлэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж, уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр тус байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол, холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим зүйлийг тодруулан Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүгийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 52 саналын томьёолол бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ сайтар нягталж, нарийвчлан үзэх нь чухал хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр малын хулгай хийсэн бол 2-5 жилийн хорих ял ногдуулахаар байгаа, гэтэл гүйгүүл, алдуул малыг хотондоо байлгасныхаа төлөө малын хулгайн хэрэгт холбогдох эрсдэл үүсдэг. Тиймээс ногдох ялыг хорих биш торгууль ногдуулахаар өөрчлөх боломжтой эсэхийг лавлав. Түүнчлэн нийтийн албан тушаалтныг заналхийлсэн тохиолдолд хамгийн багадаа 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа нь оновчгүй, мөн чанар муутай барилга, байшин бариулсан үндэслэлээр барилгын компанийн эзнийг торгох, хорих ял ногдуулахаар тусгасан байгаа. Гэтэл хяналт тавьж, зөвшөөрөл олгон, хүлээж авсан мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын Комисс зэрэгт ногдуулах хариуцлагын талаар ямар ч заалт байхгүй байгааг хэрхэн зохицуулах боломжтой талаар Ажлын хэсгээс асуусан юм. Малчид гүйгүүл болон алдуул мал хотонд нь ирсэн тохиолдолд харьяалах хэсгийн эрүүгийн төлөөлөгч болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Тиймээс энэ тохиолдолд малчин малын хулгайн гэмт хэрэгт сэрдэгдэхгүй байх эрх зүйн зохицуулалт бий. Харин бусдын малыг эзэнд нь хэлэхгүйгээр авахыг “малын хулгай” хэмээн томьёолсон байдаг бөгөөд ял шийтгэлийн хувьд бууруулсан талаар Ажлын хэсэг тайлбарлав. Нийтийн албан тушаалтныг сүрдүүлсэнтэй холбоотой, чанар муутай барилга ашиглалтад оруулсантай холбоотой зүйл, заалт нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хөндөгдөөгүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22-т заасны дагуу энэ төслийн хүрээнд хэлэлцэх боломжгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулт өгсөн юм.

Ингээд дээрх хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэснээр анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-02-07 19:54  837