Цэс

Холбоо барих

Байнгын хороо ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан  10 цаг  08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны шинээр сонгогдсон дарга О.Содбилэг анхны хуралдаанаа даргалан хуралдуулав.


Хуралдаанд Сангийн яамны ажлын хэсэг болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.


Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд төсвийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт хийх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийж, төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулахаар тооцлоо.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлж оюутны зээлийн үр өгөөжийг дээшлүүлэх, орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн  төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулж, төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж үргүй зардлыг багасган улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэх асуудлыг гол зарчим болгож хэрэгжүүлэхээр тусгасан гэдгийг онцоллоо.


Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэх, мөн улсын төсвийн алдагдлыг ДНБ-ний найман хувьд хүргэж бууруулах, шаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно гэдгийг Сангийн сайд тодотголоо.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Я.Санжмятав нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2018 оны улсын төсөвт бодлогын чанартай хэд хэдэн асуудлыг нэмж оруулсан. Тухайлбал, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд  2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ. Үүнээс Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Мөн орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхиа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийтдээ 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөсөн.

Түүнчлэн боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлэх, Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг гадны хөнгөлөлттэй зээлээр хийж хэрэгжүүлэх, шинэ цэвэрлэх байгууламж  ашиглалтад орох хүртэлх хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хийх, үүнд ирэх онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.

Өмнө нь бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсан хүүхдийн мөнгийг ОУВС-тай ярилцаад ирэх онд бүх хүүхдийн 80 хувьд олгохоор тохиролцсон. Одоо энэ асуудлаар Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагатай яриа хэлэлцээ хийгдэж байгаа. Мөн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх талаар ОУВС-нд асуудал тавьж яриа хэлэлцээ хийж байна гэдгийг хэллээ.


Хэлэлцэж байгаа асудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар үг хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Байнгын хороооор хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төслийн гол зарчим нь төсвийн зардлыг нэмэх гэж байгаа бол ямар зардлыг хасах гэж буйгаа хамт оруулж ирэх явдал юм. Иймээс гишүүд хуулийн төслийн энэ зарчмыг барьж, бодит үндэслэлтэй санал гаргах, гарсан саналуудыг эрэмбэлж байж ярилцаж шийдэхгүй бол Төсвийн байнгын хороогоор дэмжлэг авах боломж муутайг сануулж байв.  

Ингээд төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Гадаад харилцааны яамны Ёслол хүндэтгэлийн өргөөний агааржуулалтын системд шаардлагатай 298.6 сая, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын их засварын зардлын 3 тэрбум 839 сая, автомашин худалдан авахад шаардагдах 1 тэрбум 230 сая төгрөгийг Гадаад харилцааны сайдын багцад нэмж тусгах, Баян-Өлгийн аймгийн Сагсай сум дахь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн офицер, ахлагчдын 24 айлын орон сууц барихад шаардагдах 2.8 тэрбум, Зэвсэгт хүчний нөөцийн материал хэрэгсэл байрлуулах барилга байшин барихад шаардагдах  7.5 тэрбум, Цэргийн төв эмнэлгийн албан хаагчдын цалингийн тооцооллын зөрүүг арилгахад шаардагдах 2.3 тэрбум төгрөгийг Батлан хамгаалахын сайдын багцад тус тус нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Санжмятав, О.Содбилэг нар Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдын тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, онцгой байдлын нэмэгдэл, сургалтын зардал, Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан нь дэмжигдсэн юм.

Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл