"Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байх" сэдвийг танилцуулав

  2017-04-30 10:28  1109

Монголын насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн аргаар санамсаргүй түүврээр сонгогдсон 750 орчим иргэн оролцож буй Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2017.04.30) үргэлжилж байна.

Хоёр өдөр үргэлжилж буй зөвлөлдөх уулзалтын эхний өдөр “Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг явуулж, нэгдсэн хуралдаан хийсэн юм.

Төлөөлөгчид өнөөдөр “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх", “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” гэсэн гурван сэдвийн хүрээнд бүлгүүдийн хэлэлцүүлэг болон нээлттэй хуралдаан хийхээр төлөвлөсөн болохыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа. Ийнхүү хоёр өдрийн турш дээрх зургаан сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн хуралдааны үеэр экспертүүд төлөөлөгчдийн асуултад хариулт өгч байгаа юм. Энэхүү санал асуулга нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар зохион байгуулагдаж байгаа гэдгийг хуралдаан даргалагч тэмдэглэн хэлэв. Дээрх зургаан сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн хуралдаан явагдсаны эцэст төлөөлөгч бүх санал асуулгын хуудсыг 1 цаг 30 минутын хугацаанд бөглөх ёстойг санууллаа. Ингэхдээ төлөөлөгч Та Монголын ард түмнийг төлөөлөн гүйцэтгэж буй үйл хэргийнхээ үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандаарай хэмээлээ.



2000 оноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн байдаг бөгөөд тухай бүрт УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж иржээ. Зөвлөлдөх уулзалтад үе үеийн Ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

Ийнхүү хэлэлцүүлгийн зургаадугаар сэдэв буюу “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.

Ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хууль тогтоох үйл ажиллагаанд ард түмний оролцоог нэмэгдүүлэх, хууль батлах-гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, парламентын өөрийг нь хянах хяналтыг сайжруулахад Улсын Их Хурлын дотоод хийгээд үндсэн бүтцийг хоёр танхимтай (дээд, доод), хоёр шатлал бүхий танхимтай байх хувилбараас аль нь зохистой байх асуудлыг дэвшүүлж, энэхүү сэдвийг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Олон нийт, иргэний нийгмийн байгууллага, “Ардын Их Хурал” хөдөлгөөнөөс Улсын Их Хурлыг “хоёр танхимтай”, эсхүл “хоёр шатлал бүхий танхимтай” байх тухай хэлэлцүүлгийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх нөхцөл, үндэслэл бүрджээ.


Сэдвийн хүрээнд түүхэн сурвалжийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. 1924, 1940 оны Үндсэн хуульд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд эрхийг Ардын Их Хурал хадгалах бөгөөд түүний чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах” гэж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал байна” гэж заажээ.

1992 оны Үндсэн хуулийн төсөл боловсруулах үеийн үзэл баримтлалд Улсын Их Хурлыг өөрчлөх хоёр хувилбарыг дэвшүүлж байжээ.

Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Монгол Улс парламентын хоёр танхимтай байх асуудлаар санал хураалт явуулсан боловч олонхийн дэмжлэг аваагүй байна.

Үндсэн хууль дахь одоогийн зохицуулалтаар Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж хуульчилсан байдаг байна.


Энэ талаарх олон улсын туршлагыг тэрбээр танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын судалгааны албанаас гаргасан “Парламентын засаглалтай улс орны төрийн эрх мэдлийн хуваарилалт”судалгаанд дурьдсанаар:

Нэг: Төрийн удирдлагын хэлбэрээр Монгол улстай адил парламентын бүгд найрамдах засаглалтай 54 улс байгаагаас:

    • 15 улс нь хоёр танхимтай парламент;

    • 36 улс нь нэг танхимтай парламент;

    • 3 улс нь хоёр шатлал бүхий парламент байна.

Судалгаанаас үзэхэд төрийн байгууламжийн хувьд:

    - нэгдмэл улсууд нь ихэвчлэн парламентын нэг танхимтай,

    - холбооны улсууд болон улсуудын холбоо нь парламентын хоёр танхимтай байна.

Улс төрийн дэглэмийн хувьд социалист улс хоёр шатлал бүхий парламентын загвартай байна. Тодруулбал: Лаос, Вьетнам, БНХАУ юм.

Хоёр: Парламентын хоёр танхимыг бүрдүүлэх арга, зарчим:

Дээд танхимын хувьд:

    • томилгооны зарчмаар;

    • сонгуулийн зарчмаар;

    • томилгоо болон сонгуулийн хосолмол хэлбэрээр бүрдүүлдэг байна.

Доод танхимын хувьд:

Ард түмний төлөөлөл болж, бүх нийтийн, чөлөөтэй, шууд сонгуулиар бүрддэг.

Хоёр шатлал бүхий парламенттай улсын хувьд парламентын доод танхим нь дээд танхимаасаа томилогдсон гишүүдээс бүрддэг онцлогтой. Энэ нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчимтай зөрчилддөг байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат санал болгож буй өөрчлөлтийн тодорхойлолтыг төлөөлөгчдөд танилцуулсан.

    • Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр шатлалтай байх тухай зааж, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах.

    • Улсын Бага Хурлын 51 гишүүнийг Ардын Их Хурлын 501 төлөөлөгч томилох


Ийнхүү зургаадугаар сэдвийн танилцуулгыг хийсний дараа хэсгүүд Монгол Улс нэг танхимтай парламенттай байгаа одоогийн загварын талаар болон парламентын аль хувилбар нь Монгол Улсад үр дүнтэй талаар нээлттэй хэлэлцэнэ. Хэсгүүдийн хэлэлцүүлэг 10 цаг 40 минутад дуусаж, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийн нэгдсэн хуралдаанаар зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2017-04-30 10:28  1109