УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

  2018-06-11 12:37  715
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 



Төсөл санаачлагчдын танилцуулснаар хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх шатны зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, гишүүн хэлэлцүүлгийн үеэр асуусан асуултдаа бүрэн хариулт аваагүй гэж үзвэл нэмэлт хугацаа хуралдаан даргалагчаас өгөх, хуралдаанд тайлбар хэлж, асуултад хариулж байгаа төрийн албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх, Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл сонсох асуудлыг журамлах зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна. 

Өөр нэг шинэ зүйл нь, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.



Хуулийн төслийг боловсруулах шатанд Улсын Бага Хурал, 1992 оноос одоог хүртэл хугацаанд ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүдийн төлөөлөл, улс төр судлаач, эрдэмтэн, Төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлаар санал, хүсэлтийг сонсож, хуулийн төсөлд тусгаж ажилласан тухайгаа төсөл санаачлагчид онцлов. 

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх үр дүн гарах, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх, олон нийт сонгосон төлөөлөгчийнхөө хуралд оролцсон байдал, ирцийн мэдээтэй танилцах, мэдээлэл авах боломж бүрдэж цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-06-11 12:37  715