Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.12.23-27)

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.12.23-27)


УИХ-ын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

УИХ, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчдийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударгаар өрсөлдөх боломжийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос иргэн, аж ахуйн нэгжийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд ингэснээр сар бүр дунджаар 700 мянга орчим татвар төлөгч татварын баримтаа бүртгүүлдэг болоод байгаа аж. Тухайлбал, татварын алба 2019 оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татварын 20 хүртэл хувийг буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 2016 онд 499.650 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 793.070 татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.


Гэвч судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлэн их биш байгаа нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай байна. Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авагчийн татварын ачааллыг бууруулах буюу буцаан олголтыг хувийг нэмэх замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна гэж төсөл санаачлагч үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдаж, бараа, үйлчилгзэ худалдан авалтын дараах нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Дэлхийн бусад орнуудад ч нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээ өндөр байдаг аж. Тухайлбал, БНСУ-д үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буцаан олголт олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксембургт 17.1, Германд 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грект 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг улсад 25 хүртэлх хувийг буцаан олгодог байна. 2019.12.23. http://www.parliament.mn/n/idko


УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлав. Уралдааны зорилго нь 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Уралдаанд ирүүлэх нэвтрүүлэг, нийтлэл нь:

·      Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаа, ач холбогдлыг зүйл, заалтад тулгуурлан зөв тайлбарлаж, Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралын баталгааг хангахад хэрхэн нөлөөлөхийг бодит жишээгээр батлан илэрхийлсэн байх;

·      Үндсэн хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дээдлэх чиглэлээр иргэд, байгууллагаас зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар асуудал хөндөж, шинэлэг сэдэл, шийдэл дэвшүүлсэн байх;

·      Нийтлэл, нэвтрүүлэг нь хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцэж,  хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх шаардлагатай.

Уралдааны материалыг хүлээн авах сүүлийн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 17.30 цаг хүртэл байх бөгөөд тусгай комисс бүтээлийг шалгаруулж, дүнг 2020 оны 01 дүгээр сарын 12-нд гаргаж, шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр гардуулах юм. 2019.12.24.  http://www.parliament.mn/n/i8ko


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм. Тэдгээр хуулиудыг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн хурлыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Лувсанжав, Б.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.


УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг олон хуульд өөрчлөлт орох ёстой. Иймээс тэдгээр хуулиудын жагсаалтыг багтаасан, дараалал, дэгийг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг ойрын үед бэлтгэх хэрэгтэй байна. Шинэ он гарангуут тогтоолын төслийг өргөн барьж, хуулиудын төслөө хэлэлцүүлж эхэлье. Хуулиудын төсөл боловсруулах ажилд эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулах, цаг цаглабар гаргах ажлыг хойшлуулалшгүй хийх шаардлагатай  байна гэлээ.

Тогтоолын төслийг оны эхээр батлуулж, хуулиудыг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн гишүүд энэ үеэр илэрхийлэв. Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг 12-р сарын 30-нд товлолоо. 2919.12.27.  http://www.parliament.mn/n/s9ko


Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор эдгээр хуулиудын төслийг боловсруулжээ.


Холбогдох хуулиудад өөрчлөлт орсноор:

-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;

-Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;

-мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;

-хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;

-мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Хуулиудын төслийг УИХ-ын чуулганаар нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх юм. 2019.12.27. http://www.parliament.mn/n/z8ko


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл