Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ...” эрхийг баталгаатай эдлэхээр заасан.

Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар /14 хоногоос 1 сараар/ цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байна. Түүнчлэн иргэд хөдөлмөр зуучлалын байгууллагаар зуучлуулалгүй, хуулийн мэдлэг дутуугийн улмаас ажил олгогчтой хийсэн аман гэрээ нь зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд энэ талын зохицуулалт дутмаг, тодорхойгүй байгаатай холбоотой байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад заасан туршилтын болон сургалтын хугацааг ашиглан дадлагажих гэдэгт хамааруулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зорилгоор гэрээ байгуулдаггүй, аман хэлцэлээр ажиллуулдаг байна.

Тиймээс хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгасан хэмээн танилцуулсан.

“Туршилтын хугацаа” гэдэгт тухайн ажилтны мэргэжпийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож тогтоосон хугацааг ойлгохоор төсөлд тусгажээ. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог, гэрээний талуудын сонирхол, эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна.

Ихэнх тохиолдолд ажилгүй иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “цагийн ажил” гэсэн зараар ажил олгогчтой аман гэрээ хийн уг ажпыг хийж гүйцэтгэдэг байна.

Ихэнх байгууллагад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг байна. Манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн тухай бусад хууль тогтоомжоор “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй байна хэмээн хууль санаачлагч тайлбарласан.

Иймд хуулийн төсөлд “Цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Учрал, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа  нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Гишүүд зарим ажил олгогчид иргэдийг аман гэрээгээр авч ажиллуулчихаад, ажилдаа тэнцэхгүй байна гэсэн шалтгаанаар цалин хөлс өгөхгүй явуулдаг асуудлыг хөндөж байсан.

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч хариулахдаа, хуулийн төсөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээлгэхээр тусгажээ. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж, ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000- 10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд оруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Мөн өдрийн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

Мөн хуулийн төсөлд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4 дүгээр хэсгийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тогтоох, цэргийн байгууллагаас халагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, энгийн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаагүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тусгасан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч буй аж. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.