Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Хууль зүйн байнгын хороо найман асуудал хэлэлцэн, шийдвэрлэв

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.10/ хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Уг асуудлыг 2017 оны нэгдүгээр сарын 05-ны Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасан бөгөөд тэдгээрийг Улсын Их Хурлын даргын өгсөн чиглэлд нийцүүлсэн гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний эцэст хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84.6 хувь нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Ажлын хэсэг төсөлд хуулийн зорилтыг “...эрхзүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино...” гэж тодорхойлох,  төслийн нэр томьёоны тодорхойлолтын хэсэгт хамаарахгүй хэм хэмжээ тогтоосон зохицуулалтын “арбитрын ажиллагаа” гэснийг бие даасан зүйл болгон төсөлд тусгах болон зарим нэр томьёог тодорхой болгох, жигдлэх, хуулийн төслийн уялдаа холбоог сайжруулах, мөн НҮБ-ын загвар хууль болон 1958 оны Нью-Йоркын конвенцийн тавдугаар зүйлд нийцүүлэн төслийн зарим зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах санал боловсруулжээ. Түүнчлэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 56 санал, дагалдах хуулийн төслүүдтэй холбоотой 9 саналыг бэлтгэн томьёолсон талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулгадаа дурдсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар зарим зүйлийг тодруулав. Хуулийн төсөлд байнгын болон түр арбитр байхаар, байнгын арбитр нь дүрэмтэй байхаар тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тодотгоод байнгын арбитрын дүрмийг хэн батлах талаар асуусан юм. Бусад хууль тогтоомж болон олон улсын жишгийн дагуу байнгын арбитр нь дүрмээ өөрөө батлах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан бөгөөд талуудад арбитраа сонгох эрх нь хадгалагдаж байгаа учир эрсдэл үүсгэх магадлалтай гэж ойлгох нь буруу хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өглөө. Арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар шинэлэг зохицуулалт хийгдэхээр төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тодруулав.

Талууд арбитрын шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэх журамтай. Олон улсын жишиг болон загвар хуульд нийцүүлэн хуулийн төсөлд арбитрын шийдвэрийн биелэлтэй холбоотой бүлгийг тусгасан. Ингэснээр арбитрын шийдвэрийн биелэлтийг хангах эрх зүйн зохицуулалтын дэвшилт болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажлын дэд хэсгийн гишүүн Г.Баясгалан хариулт өгсөн юм.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцэхийг хийлээ

Дараа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Энэ өдрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ийнхүү зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй уялдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Үүний дараа Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм. 

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилтэт зохицуулалт нэлээд туссан ч практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд дутагдалтай, утга найруулгын алдаатай заалтууд байгааг залруулах, Эрүүгийн хууль зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжих, хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тоон мэдээлэл болон эрдэмтэн, судлаачид, иргэд, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэснээс гадна ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтэдийн хамтран гаргасан “Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг судлан үзсэн байна. Үүний үндсэн дээр зарим нэр томьёог тодорхой болгох, эрүүгийн хариуцлагын тухай ойлголт, гэмт хэрэг нийгэмд аюултай шинж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна.

Эрүүгийн хариуцлага хувь хүн, хуулийн этгээдэд гарцаагүй байх, түүнчлэн гэмт хэрэг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, гэмт хэргийн ангилалд шинжүүдийг тодорхой тусгасан гэв. Мөн уг хуулийг хэлэлцэх шатанд уг хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, “шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлж байсан боловч батлагдсан хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар байгаа нь хуулийн үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилттой нийцэхгүй байх тул зарим төрлийн нийгэмд учруулах хор аюул багатай гэмт хэргүүдэд хорих ял оногдуулахгүй байх, үүнтэй холбогдуулан хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өргөн хэрэглэх бололцоог бүрдүүлэх зорилгоор нийтэд тусгай ажил хийх ялыг оногдуулах боломж нөхцөлийг нэмэгдүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар байхаар зааж, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцох зохицуулалтыг хийсэн байна. 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 440 заалтын ердөө хоёр заалтад нийтэд тустай ажил хийх ял ногдуулахаар заасан байсныг өргөтгөсөн гэлээ. Мөн улс орны эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан торгуулийн нэг нэгжийг 2000 төгрөг байсныг бууруулан 1000 төгрөгтэй тэнцүү байхаар өөрчилсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан юм. Мөн Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, хяналтын систем, Монгол Улсын байр зүйн зургийг улсын нууцаас гаргаж, тоон хэлбэрт шилжүүлэх зэргийг шийдвэрлэх, холбогдох дэд бүтцийг бүрдүүлэх шаардлагын улмаас Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, хорих ялын доод хэмжээг 6 сар болгон өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй болохыг лавласан. Хорих ялын хэмжээ нь 7 хоног байх нь гэмт хэргийг магадлан тогтоох, шүүх шийдвэрлэх, давж заалдах зэрэг үйл явцтай хамааралтайгаар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчих, хүний эрх зөрчигдөх, шийдвэрийн биелэлтэй холбоотой бэрхшээл үүсэх магадлалтай. Түүнчлэн хорих байр байхгүй сум, аймгаас өөр аймаг руу шилжүүлэх явцад ялын хугацаа дуусах зэрэг практикт хэрэглэхэд бэрхшээл гарах эрсдлийг тооцсон талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Эрүүгийн хууль 440 заалтаар хорих ял ногдуулахаар байгаа нь танилцуулга, үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгааг өөрчлөн гэмт хэргийн хор хохирол, шинжийг харгалзан үзэж, аль болох шоронд хорихоос татгалзан ялын бусад төрлийг ногдуулахаар хорих ялын доод хэмжээг өөрчилсөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, талууд байгуулсан гэрээ, хэлцэлийнхээ үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нөгөө талдаа хор хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог байсныг өөрчилсөн нь хэр оновчтой болохыг тодруулан, үүнээс үүдэх үр дагаварын талаар судалгаа, тооцоолол хийсэн эсэхийг лавласан.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, иргэний хэлцэл, гэрээний үүргээ биелүүлэгүй улмаас учирсан хор хохирлын улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байгаатай холбоотой асуудлууд гарч, хууль тогтоогчдоос үүнтэй холбоотойгоор ирүүлсэн саналуудыг үндэслэн захиргааны актын улмаас үүрээ биелүүлээгүй тохиолдол нь захиргааны эрх зүйн харилцаагаараа Захиргааны шүүхээр, иргэний хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаагаараа Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Энэ нь харин гэмт хэргийн шинж агуулсан, нийгэмд аюултай үйлдэл байх юм бол Эрүүгийн хуулиар шийдэгдэх болно гэдгийг тайлбарласан юм.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хөндлөнгийн этгээдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс аргагүй хамгаалалт хэрэглэхтэй холбоотой ойлголтыг үгүй болгосон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэлээд, энэ зохицуулалтыг өөрчилсөн эсэхийг тодрууллаа. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйл аргагүй хамгаалалтын талаарх зохицуулалтууд байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд эдгээр зохицуулалтыг өөрчлөөгүй хэмээн салбарын сайд хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн тодруулсны дагуу, авлигын гэмт хэргийн шинж байдлаас хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг тодорхой заагласан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дэлгэрэнгүй тайлбарлалаа. Аливаа этгээд гарцаагүй байдалд орсны улмаас авлигал өгсөн, энэ нь нотлогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Харин зохион байгуулалттайгаар, захиалгаар, гэмт хэрэгт хамруулах зорилгоор авлигал өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, торгуулийн нэгжийн хэмжээг ямар үндэслэлээр бууруулсныг тодруулав. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн тухай хуульд торгуулийн нэгж 2000 төгрөгтэй тэнцэхээр заасан байгаа, уг хуулийн төслийг 2013 онд боловсруулж эхэлсэн бөгөөд түүнээс хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэдийн амьжиргааны чанарт нэлээд өөрчлөлт гарсан. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкнаас явуулсан амьжиргааны болон ядуулын түвшин тогтоох судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өрхийн бодит орлого 50 хувиар буурсан гэдэг дүн гарсан. Үүнтэй уялдуулан торгуулийн нэгжтэй дүйцэх төгрөгийн хэмжээг бууруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав. Мөн тэрээр, байнгын хорооны даргын тодруулсны дагуу авлигал, өндөр албан тушаалтны гэмт хэргээс олсон орлогыг албадан хурааж, торгуулийн хэмжээг 5-27 сая төгрөг болгон нэмэгдүүлж, хорих ялын хэмжээг гэмт хэргийн ангилалаас хамаарч 1-12 жил болгон, тэнсэхгүй байхаар, тодруулбал ялын бодлогыг чангаруулсан зохицуулалтуудыг төсөлд тусгасан талаар тайлбар хийсэн юм. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцад энэ зохицуулалтуудыг илүү тодорхой болгох бололцоотой гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой. Ял хөнгөрүүлж байгаа шалтгаан, нөхцлийг судалгаатай нарийвчилж үзэх нь зүйтэй. Торгуулийн нэгжийн хэмжээг бууруулж байгаа асуудлыг ч мөн адил. Мөн авлигал болон албан тушаалаа урвуулан ашиглсан гэмт хэрэгт ногдуулах ялыг сонгох санкцаар оруулж байгаагаа зөв эсэхийг нягтлахгүй бол их хэмжээгээр хулгай, луйвар хийсэн нэг хэсэг нь торгуулах, эсвэл хоригдох ялыг өөрөө сонгодог байх нь зөв үү. Ялын бодлоготой холбоотой эдгээр зохицуулалтуудыг онцгойлон анхаарахгүй бол нийгэмд шударга бус байдал, гэмт хэрэг ихсэх эрсдэлтэй” хэмээн санууллаа. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Зөрчлийн тухай хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулах  алхам хийгдсэн зэрэг нь дэвшилттэй боловч ойлгомжгүй асуудлууд үүссэн бөгөөд эдгээрийг сайжруулахаар хуулийн төслийг боловсруулсан болохоо Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хууль санаачлагчийн илтгэлдээ танилцууллаа. 

Төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн өмнө Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, О.Батнасан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Энэ үеэр байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Зөрчлийн тухай хууль бол бусад 232 хуулийг хөндөж, зохицуулалтыг нэгтгэн гарч ирсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч, ажиллаж байгаа хүн бүрт хамаатай хууль юм. Тухайлбал, эмийн жор буруу бичсний төлөө эмч энэ хуулиар хариуцлага хүлээнэ. Энэ мэтчилэн банк, санхүү, татвар, арилжаа, худалдаа, наймаа, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бүх төрлийн харилцаатай холбоотой зөрчлийн зохицуулалтыг энэ хуулиар шийдвэрлэнэ. Маш өргөн хүрээг хамарч байгаа учраас хийдэл алдаа гарах, зөрчил үүсэх эрсдлээс сэргийлэх нь чухал. Иргэд цахим хуудсаар дамжуулан төслийн бүрэн эхтэй танилцаж, холбогдолтой саналаа тойргоо төлөөлөн Улсын Их Хуралд сууж буй гишүүндээ дамжуулан, хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцох нь чухал юм” хэмээн хэллээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Мөн дээрх хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулахаар тогтов.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн энэ өдрийн хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

Уг хуулийн төслөөр эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллах юм байна. Мөн эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан юм. Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар Ш.Раднаасэд нар асуулт асууж, ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын есөн гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналаар тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

Мөн өдрийн хуралдааны төгсгөлд 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдоор ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.